О.Батзориг: Хулгайд алдсан киног youtube болон фэйсбүүкээс устгах албан ёсны эрхтэй болсон

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-11-19 15:10:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Кино урлагийн оюуны өмчийн хулгайг анхаарч арга хэмжээ авах цаг болсныг өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр уран бүтээлчид мэдэгдлээ.

Оюуны өмчийн бүтээл алдагддаг гурван том суваг буй бөгөөд үүнд youtube суваг, фэйсбүүк хуудас, албан ёсны зөвшөөрөлгүй CD, DVD худалдаа ордог байна. Тиймээс кино уран бүтээлчид “Оюуны өмчийг дээдлэн кино урлагаа хамгаалъя” аянд нэгдэж, бүтээлээ хамгаалахыг Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо болон Оюуны өмчийн газраас уриаллаа.


Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Батзориг “Миний хувьд дөрвөн ч уран сайхны киноны зохиолыг бичиж, найруулсан. Өнгөрсөн намар гаргасан “Шөнө дундын яриа 2” уран сайхны киногоо сошиал орчинд алдсан. Энэ нь оюуны өмчийн хулгай юм. Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбооны мэргэжилтнүүд хамтран ажилласны үр дүнд хулгайд алдсан киногоо youtube болон фэйсбүүк хуудсаас албан ёсоор устгах эрхтэй болсон. Энэ бол маш чухал алхам. Мөн хууль бусаар CD, DVD олшруулж, худалдан борлуулдаг хүмүүстэй ярилцаж, хууль бус ажиллагаа явуулахгүй байхаар болгосон. Тиймээс кино уран бүтээлчид маань “Оюуны өмчийг дээдлэн кино урлагаа хамгаалъя” аянд нэгдэж, бүтээлээ хамгаалахыг уриалж байна” гэв.


Монгол фильмийн захирал, кино найруулагч Д.Золбаяр “Дэлхийн кино урлагийг Холливуд болон бусад гэж ярьдаг. Холливудын зах зээлийн хувьд маш олон кино театраар зэрэг нээлтээ хийж, ашгаа олчихдог учраас интернэтээр шууд татаж үзэж болдог. Гэтэл Европын кино урлагт шинээр нээлтээ хийсэн кинонууд 10 жил дотор интернэтээс үзнэ гэж байхгүй. Тэгж кино бүтээлээ хамгаалж байна. Хамгийн сүүлд хийсэн “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киногоо бид оюуны өмчийн хулгайгаас болгоомжилж, Монголын кино театруудаар тийм ч их гаргаагүй. Уран бүтээлчид удаан хөөцөлдсөний эцэст БНХАУ-ын зах зээлд гаргах эрхийг авч, есдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр Хятадын төлбөртэй 40 сувгаар нэг хүн үзэхдээ 10 юань төлж үзэхээр болгосон. Гэтэл “Чингисийн хүүхдүүд” кино тавигдаад долоо хоногийн дотор хулгайд алдагдаж, нийтийн сүлжээнд тавигдсан. Бид холбогдох байгууллагаар шалгуултал Wechat дээр долоо хоногийн дотор 260 мянган хүн үзсэн байсан. Тэр хүмүүс 10 юань төлж үзсэн бол зохих хэмжээний мөнгө Монголын талд орох ёстой байсан. Худалдаж авсан хятад компанидаа хандахад тэр дор нь хааж, арга хэмжээг авсан” гэлээ.


Найруулагч Ц.Хүсэлбаатар  “Нэг кино уран бүтээлийг багадаа 100 саяас багагүй мөнгөөр бүтээдэг. Мөн ивээн тэтгэгч байгууллагуудын хөрөнгө мөнгөөр бүтдэг юм. Уран бүтээлчид зээлсэн мөнгөө буцааж төлөх, мөн орлого олж, уран бүтээлчдээ цалинжлуулах, дараагийнхаа уран бүтээлийн зардлыг босгох ёстой болно. Монголын киног дэлхийн зах зээлд хүргэхийг хүсэж байгаа бол биднийг эдийн засгийн хувьд дэмжих хэрэгтэй байна. Мөн албан ёсоор мөнгө төгрөг төлсөн зөвшөөрөлтэй сайтуудаас гадна кино театруудаар үйлчлүүлдэг байгаасай. Лангуун дээрээс нэг талх авчихвал хулгай болдог. Гэтэл олон хүний хамтран бүтээсэн киног зөвшөөрөлгүй сошиалд тавьж байгааг хулгай гэж тооцохгүй явсаар ирсэн нь буруу” гэдгийг онцлов.

Ийнхүү кино бүтээгчид оюуны өмч болсон киногоо хулгайгаас хамгаалахыг хүсэж байгаагаа дуулгав.

Холбоотой мэдээ