К.Лам тайвнаар гарч ирэхийг жагсагчдад уриалжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-11-19 15:15:13

ХОНКОНГ. /NHK/. Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам Политехникийн их сургуулийн байранд бүгэж буй үлдсэн жагсагчдыг тайвнаар гарч ирж, аюултай нөхцөл байдлыг зогсоохыг уриалсан байна.


К.Лам мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, их сургуулийн байранд 100 гаруй жагсагч байгаа бөгөөд 600 жагсагч гарч ирснээс 400-г нь баривчилсан гэжээ. Тэд хүчирхийллээ зогсоож, зэвсгүүдээ хураалгаж, тайвнаар гарч ирж, цагдаа нарын зааврыг дагах хэрэгтэй гэж тэрбээр нэмж хэлжээ.


Хонконг дахь сэжигтнүүдийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөхийг зөвшөөрөх хуулийн төслийн улмаас өнгөрсөн зургадугаар сараас жагсаал цуглаан өрнөж эхэлжээ. К.Лам уг баримт бичгийг эргүүлэн татсан боловч эсэргүүцлийн жагсаал үргэлжилж, олныг хамарсан, ардчиллыг дэмжсэн хөдөлгөөн болсон байна.  


Улам даамжирч буй эсэргүүцлийн ажиллагаа ирэх ням гарагт болох хууль тогтоох зөвлөлийн сонгуулийг хойшлуулахад хүргэж магадгүй байгаа аж. К.Лам энэ талаар хэлэхдээ, би сонгуулийг товлосон хугацааны дагуу явуулах хүсэлтэй байгаа боловч оршин суугчид саналаа өгөхөд аюултай нөхцөл үүссэн тохиолдолд хойшлуулах боломж бий гэжээ.   

Холбоотой мэдээ