“Санаа зөв” төрийн бус байгууллага 287 жолоочийн эрхийг сэргээжээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-11-19 17:59:25

Булган /МОНЦАМЭ/ “Санаа зөв” төрийн бус байгууллага тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэдэд сургалт хийж, эрх сэргээх үйл ажиллагаа явуулж байна.

- Манай төрийн бус байгууллага ХЗДХ-ийн Сайдын баталсан журмын дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулан шийтгэлийн хугацаа дуусгавар болсон, мөн зөрчлийн оноо дууссан болон багассан тохиолдолд эрх сэргээх үйл ажиллагаа явуулдаг. 2018 оны 10 дугаар сараас өмнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэд манайд сургалтад хамрагдаж эрхээ сэргээлгэж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний хуулийн талаар сургалт, зөрчлийн оноо нөхөн сэргээх талаар долоо хоног бүрийн мягмар гарагт сургалт явуулдаг гэж “Санаа зөв” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Батхуяг ярилаа. Тус төрийн бус байгууллага согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хариуцлага хүлээсэн 279, замын хөдөлгөөнд оролцохдоо эсрэг урсгал сөрсөн нэг жолоочийн эрхийг сэргээжээ. Мөн зөрчлийн оноо дууссан 7 жолоочийн эрхийг сэргээх ажил хийсэн байна.

 “Санаа зөв” төрийн бус байгууллага харьяалал харгалзахгүй үйлчлэх учир өөр аймаг, хотын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэд сургалтад сууж шалгалт өгч жолооны эрхээ авч болох юм байна.

Холбоотой мэдээ