Иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах дасгал сургууль эхэллээ

Монголын мэдээ | Нийгэм
183@montsame.mn
2019-11-21 11:50:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалаар нисэхийн эрэн хайх, авран туслах ажиллагаанд голлон оролцогч байгууллагуудын төлөөллийг хамруулсан дотоодын анхны дадлага сургууль Булган аймагт эхэллээ. 

Манай улс ОХУ-ын нисэхийн эрэн хайх, авран туслах албатай хамтран хоёр жилд нэг удаа дасгал сургууль хийдэг бөгөөд хоёр талын 6 дахь удаагийн хамтарсан сургууль ирэх онд манай улсад болох юм. Тиймээс энэхүү олон улсын хамтарсан сургуулийн өмнө нисэхийн эрэн хайх, авран туслах ажиллагаанд голлон оролцогч байгууллагууд болзошгүй асуудал үүссэн үед хамтран ажиллах бэлэн байдлыг шалгахаар тус дасгал сургуулийг хийж байна. Мөн дотоодын анхны сургуулилтыг зориуд бодит байдалд ойртуулж цаг хүндэрсэн үед зохион байгуулж байгаа бөгөөд хамтран ажиллах байгууллагуудын хамтын ажиллагааны уялдаа холбоо хэрхэн хангагдаж, бэлтгэл нь хэр байгааг шалгаж буйгаараа онцлог гэдгийг ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом сургуулилтыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.  

Дасгал сургуульд ИНЕГ болон түүний харьяа байгууллагуудын 28, ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын 30, ЗХЖШ-ын Агаарын цэргийн ангийн Улсын нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны зориулалт бүхий Ми-171Е нисдэг тэрэгний нисгэх багийнхан зэрэг нийт 60 гаруй бие бүрэлдэхүүн хамрагдаж байна. Мөн Булган аймгийн нисэх буудал, Аймгийн Засаг даргын Тамгын газар болон орон нутгийн цагдаа, тагнуул, эмнэлэг, онцгой байдлын албаны төлөөлөгчид тус тусын үүргийн дагуу оролцож байна. Түүнчлэн Булган нисэх буудалтай хамгийн ойр Мөрөн нисэх буудлын хамт олон ажиглагч болон дэмжин ажиллах чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ