Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих суурь бүтцийн ажил үргэлжилж байна

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-11-21 12:38:18

Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын явцтай 11 дүгээр сарын 20-нд танилцлаа.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа мега төсөл болох Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын бүтээн байгуулалтын суурь бүтцийн ажил ид үргэлжилж байна.

Монгол Оросын хамтарсан УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн инженер техникийн ажилтнууд энэ онд багтаан долоон километр төмөр зам барихаар төлөвлөснөөс 1.9 километр төмөр замыг 11 дүгээр сарын 19-нд угсарчээ.

Бүтээн байгуулалтын ажлыг Зэвсэгт хүчний 7781-р анги бүрэлдэхүүн хийж гүйцэтгэж буй бөгөөд нийт 740856 мян.метр куб газар шорооны ажил хийхээс 605214 мян.метр куб газар шорооны ажил хийжээ. Мандах сум орчмын ул шорооны ажлын  гүйцэтгэл 82 хувийн биелэлтэй байгаа талаар Засгийн газрын тэргүүнд танилцуулсан юм.

Төмөр замын сүлжээг ашиглалтад оруулснаар Тавантолгойн нүүрсээс гадна зам дагуух 30 км-ийн тойрогт байгаа бүлэг ордуудыг эргэлтэд оруулж улсын эдийн засгийг тэтгэж, улмаар төмөр замын ачаа эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой гэж албаныхан үзэж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцахдаа дээрх ажлыг графикийн дагуу, төлөвлөсөн хугацаанд чанартай хийж гүйцэтгэхийг ажил хариуцсан холбогдох албан тушаалтнуудад даалгаж ажлын амжилт хүсэв.

Ташрамд дурдахад Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын шав тавих ёслол өнгөрсөн тавдугаар сарын 24-нд Дорноговь аймгийн Мандах сумын Сэрвэн баян хошуу багийн Будар хэмээх газар болж байсан.

2010 оны УИХ-ын 32 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын бичиг баримт”-ын дагуу Монголын өмнөд говь дахь Тавантолгойн ордоос зүүн тийш Дорноговь аймгийн нутгийг хөндлөн дайрч Зүүнбаянтай холбох эл бүтээн байгуулалтын захиалагчаар “Монголын төмөр зам” ТӨХК ажиллаж байгаа бол төмөр замын доод бүтцийн далан, хоолойн ажлыг Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб, төмөр замын дээд бүтцийн ажлыг “УБТЗ”  тус тус гүйцэтгэхээр гэрээлсэн байдаг.





Холбоотой мэдээ