"Бид бүтээж чадна" болзолт уралдаан зарлалаа

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-11-21 14:13:24

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд "Бид бүтээж чадна" шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах болзолт уралдаан зарлалаа.

Тус уралдааны зорилго хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх, хөгжил хамгааллыг сайжруулах, тэднийг нийгмийн амьдралд татан оролцуулах, идэвхжүүлэх, тэгш байдал бий болгох, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэх юм. 

"Бид бүтээж чадна" шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах болзолт уралдааны ерөнхий зохион байгуулагчаар Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ажиллаж байна.  

Болзолт уралдааны хүрээнд гурван шилдэг бүтээгдэхүүн шалгаруулна. Улмаар тэргүүн байрт 800 мянга, дэд байрт 400 мянга, гуравдугаар байрт 300 мянган төгрөгийн шагнал олгох аж.

Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэн эсвэл бүлгийн хийсэн бүтээгдэхүүн байх, өнгө үзэмж, хийц сайн, цаашид үйлдвэрлэх нөөц боломжтой, сав баглаа боодолтой, хаяг шошготой, шинэлэг байдал эрэлхийлсэн зэрэг хэд хэдэн шалгуур үзүүлэлтийн дагуу шилдэг бүтээгдэхүүн шалгаруулна гэж аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас мэдээллээ.

Уралдааны бүртгэл 11 дүгээр сарын 15-29-ны өдөр хүртэл хугацаанд үргэлжилнэ. Бүтээгдэхүүн шалгаруулалтын үндсэн үйл ажиллагаа 12 дугаар сарын 03-нд Жаргалант сумын ерөнхий боловсролын Гуравдугаар сургуулийн зааланд болох аж.    

Холбоотой мэдээ