Төрийн албаны ерөнхий шалгалтад 40 хүн тэнцжээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-11-21 15:28:08

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтад Баян-Өлгий аймгаас 374 иргэн орсноос 40 хүн тэнцжээ.

Шалгалт ерөнхий мэдлэг, монгол хэл, бичиг, дүн шинжилгээ гэсэн гурван шатлалаас бүрджээ. Ерөнхий мэдлэгийн шалгалтын даалгаврууд хууль эрх зүй, эдийн засаг, түүх нийгэм, мэдээллийн технологи гэсэн дөрвөн чиглэлээр ирснээс 327 иргэн тэнцэж чадаагүй байна.

Энэ удаагийн шалгалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулснаараа онцлогтой болсныг албаны хүмүүс хэллээ.

Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг жилд нэгээс доошгүй удаа явуулдаг. Дараагийн шалгалтыг 2020 онд Цагаан сарын баярын өмнө зохион байгуулах ажээ.  

Холбоотой мэдээ