Аялал жуулчлалыг дунд хугацаанд хөгжүүлэх, төлөвлөх мастер төлөвлөгөө боловсруулна

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-11-21 17:05:26
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ-ийн ЭТИС хөтөлбөртэй хамтран Дундговь аймгийн аялал жуулчлалын зөвлөлдөх уулзалт”-ыг гурав дахь жилдээ зохион байгууллаа.

Тус уулзалтад аймгийн Тогтвортой хөгжил-Түншлэлийн зөвлөлийн гишүүд, аймгийн холбогдох төрийн байгууллагууд, сумдын удирдлагууд, жуулчны бааз, гэр буудал, зочид буудлуудын удирдлагууд оролцсон юм.

Уулзалтаар аймгийн аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих, цаашдын бодлого, чиглэлийг тодорхойлох, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд орон нутгийн байгууллагууд, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог бүх шатанд хэрэгжүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх асуудлуудыг хэлэлцжээ.

Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг “Соёлын аялал жуулчлал-Эвент зохион байгуулах, нийтээр ашиг хүртэх боломж” сэдвээр, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ-ийн ЭТИС хөтөлбөрийн Засаглал, аялал жуулчлал хариуцсан ахлах зөвлөх Ч.Оюун-Эрдэнэ “Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэх боломж”, “Элгэмсэг дотно-Дундговь холбоо” ТББ-ын гишүүн, доктор С.Батмөнх Монголын уламжлалт биет бус соёлын өвийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон сурталчлах боломж “, “Дуу хуурын өлгий - Дундговь” аялал жуулчлалын брэндийг хөгжүүлэх нь” сэдэвт сургалтуудыг тус тус зохион байгуулсан аж.

Энэ үеэр Дундговь аймгийн аялал жуулчлалыг дунд хугацаанд хөгжүүлэх, төлөвлөх мастер төлөвлөгөөг боловсруулах эхний хэлэлцүүлэг өрнүүлж, санал авсан байна. Цаашид мастер төлөвлөгөө боловсруулах ажлын хуваарь гаргаж, төлөвлөгөөгөө шат дараатайгаар боловсруулна гэж аймгийн БОАЖГ-ын дарга Н.Гантулга хэллээ. 

Холбоотой мэдээ