Хиймэл оюун ухаан го даамны аваргыг зодог тайлахад хүргэжээ

Дэлхийд | Спорт
Jargal.d@montsame.mn
2019-11-29 15:54:19

СӨҮЛ. /Yonhap/. Го даамны дэлхийн чансаанд нэгдүгээрт бичигддэг БНСУ-ын тамирчин Ли Се Доль мэргэжлийн замналаа дуусгаж байгаагаа сэтгүүлчдэд мэдэгджээ. Ийм шийдвэр гаргах болсны гол шалтгаан нь тэрбээр хиймэл оюун ухаанд хэд хэдэн удаа хожигдсонтой холбоотой аж.


“Го дааманд хиймэл оюун ухаан гарч ирснээр би өөрийгөө оргилд нь байхаа больсон гэдгийг ойлгосон. Хүмүүсийн дунд "номер нэг тоглогч" болсон ч би хамгийн өндөр цолонд хүрэхгүй. Яагаад гэвэл ялагдал хүлээх боломжгүй зүйл бий болжээ” гэж  өдгөө 36 настай Ли Се Доль “Yonhap” агентлагт ярилцлага өгөхдөө хэлсэн байна.


Олон улсын хэмжээний 18 томоохон тэмцээн, 32 улсын аварга цол хүртсэн Се Доль гурван жилийн өмнө "AlphaGo" компьютерийн программыг хожсон цорын ганц хүн болсныхоо дараа алдар цуутай болжээ. 2016 оны гуравдугаар сард Се Доль “Google”-ийн “DeepMind Technologies” компанийн бүтээсэн өөр нэг программын эсрэг хийсэн таван тоглолтын ердөө нэгд нь хожсон аж.


2019 оны 12 дугаар сард тэрбээр Өмнөд Солонгосын “HanDol” компьютерийн программтай дахин тоглоно. Өнгөрсөн онд бүтээсэн уг программ нь Өмнөд Солонгосын шилдэг таван мастерыг хожжээ. Тиймээс Ли хоёр чулуун дээр давуу байдлыг олж авах боловч хожно гэдэгтээ итгэлтэй биш байгаа аж.


“Хоёр чулууны давуу байдалтай байсан ч эхний тоглолтод HanDol-д хожигдох юм шиг санагдаж байна. Одоо би го даамны тухай мэдээг үнэндээ сонирхохгүй байгаа. Программын эсрэг тайван тоглохыг хүсэж байна, яагаад гэвэл би карьераа хэдийнэ дуусгасан. Гэхдээ хожихын тулд чадах бүхнээ хийнэ” гэж Се Доль ярьжээ.


 


Холбоотой мэдээ