УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл хуралдана

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-12-02 08:31:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт, байнгын хороод болон чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ.


Энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын Зээлийн гэрээг соёрхон батлах тухай, Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай, “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолын төсөл зэрэг 16 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ