БНХАУ-ын Хөгжлийн банктай хамтын ажиллагааг эхлүүлэв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-12-02 09:35:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани “Ди Би Эм лизинг” ХХК БНХАУ-ын Хөгжлийн банк, Экспорт ба зээлийн даатгалын корпорацтай төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлж эхлээд байна.

Хамтын ажиллагаа нь манай улсын “Ди Би Эм лизинг” ХХК-ийн хувьд бодлогын хөрөнгө оруулалт хийх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үр ашиг бүхий санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилготойг мэдэгдэж байна.

Мөн хөрөнгө оруулагчдад хөрөнгийн оновчтой удирдлагыг санал болгох замаар Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, өндөр өгөөж бүхий бизнесийн төслүүдэд хөрөнгө оруулах зорилгоор хамтын ажиллагааг эхлүүлэв.

Энэ хүрээнд “Ди Би Эм лизинг” ХХК-ийн удирдлагууд Хятадын Хөгжлийн банкны Хөххот дахь салбарын удирдлагуудтай 10 дугаар сарын 18-ны өдөр, мөн тус банкны төв салбарын төлөөлөгчидтэй 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотноо тус тус уулзалт зохион байгуулаад байна. Уулзалтуудаар ХАА, уул уурхай, зам тээвэр, эрүүл мэнд, үйлдвэрлэл зэрэг стратегийн голлох салбаруудын төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах хэлэлцээрийг хийж байна. 

Тухайлбал, БНХАУ-ын хүнд даацын машин үйлдвэрлэгч Bieben Trucks Group, Sinotrak Group ХХК-иас уул уурхайн хүнд даацын машин, тоног төхөөрөмж авч санхүүгийн түрээсээр олгох талаар хэлэлцэж байна.

 

Холбоотой мэдээ