М.Нямлхагва: Дугуйн спорт бол эрүүл мэнд, эрч хүч, аялал, амралтыг нэг дор цогцоор нь өгдөг онцлогтой

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-12-09 13:53:36

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймагт сүүлийн үед унадаг дугуйн хэрэглээ өсөж, сонирхогчдын тоо нэлээд нэмэгдэж байгаа. Энэ нь нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд унадаг дугуйн оролцоог нэмэгдүүлэх, эрүүл зөв хөдөлгөөн, эко унаа гэдэг утгаараа эерэг өөрчлөлтийг бий болгож байгаа юм. Үүний тод жишээг нэгэн хамт олон үлгэрлэн үзүүлээд байна. Ингээд цахим орчинд маш олон хандалтыг авч, шуугиулаад буй “Дугуйтай Сэлэнгэ” клубын хамт олны ажил үйлс, амжилт ололтын талаар  тус клубын тэргүүн, Сэлэнгэ аймагт дугуйн спортыг хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан, сонирхогчдын клуб байгуулан ажиллаж яваа нэгэн дайчин, хөдөлмөрч бүсгүйтэй уулзаж, ярилцсанаа хүргэе.

 -Сайн байна уу, сайхан өвөлжиж байна уу. Өөрийг тань Сэлэнгэ дэх Гаалийн газрын ажилтан гэдгээр мэдэх юм. Таныг дугуйн спортоор дамжуулан Сэлэнгэ нутагтаа нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхээр зориг шулуудан дугуй сонирхогчдын клуб байгуулан ажиллаж байгаа гэж сонслоо. Хэзээнээс энэ спортыг сонирхон оролдох болов. Эндээс яриагаа эхлэх үү?  

-Сэлэнгэ аймагт 2016 оны 10 сараас эхлэн унадаг дугуйн хэрэглээ, түүний ач холбогдлыг олон нийтэд суртчилан таниулах, дэлгэрүүлэх үйл явц маш хүчтэйгээр эхэлсэн юм. Тухайн үед Сэлэнгэ аймгийн гаалийн газрын даргаар томилогдож ирсэн М.Дамдинхорол, орлогч дарга Д.Ганбат, Н.Дагвасүрэн, Б.Төмөр-Очир нар ажлын бус чөлөөт цагаараа дугуй тогтмол унаж, хол ойрын аялал хийдэг байсан нь ихээхэн нөлөөлж, суурийг нь тавьж өгсөн гэж хэлэхэд болно. Тэд Сэлэнгэ-Алтанбулагийн хооронд дугуйгаар явдаг байв. Мөн ажилдаа ирж очдог байсан төдийгүй иж бүрэн спортын хувцаслалт, хамгаалалттай /каск, маск/ шөнийн цагт урд хойд гэрлүүдээ тогтмол асааж явдаг байсан нь олны анхаарал, сонирхолыг ихэд татдаг байсан юм. Мөн хобби нэгт нөхдүүддээ М.Дамдинхорол дарга/Мерида/ брендийн дугуй санал болгож, 10 сарын хугацаатай, хүүгүй лизингээр авах боломжийг олгож, Улаанбаатар хот руу захиалан орон нутагт нь авчруулан өгч тусалж байсан. Түүгээр зогсохгүй дугуй унахын давуу тал, эрүүл мэндийн ач холбогдол, техникийн аюулгүй байдлын талаар хотоос мэргэжлийн хүмүүсийг дуудан сургалт явуулдаг байсан нь ард олныг энэ спорт руу сонирхон ороход их нөлөөлсөн. Иймээс манай ажилтнуудаас эхлэн хилийн мэргэжлийн хяналтын албаныхан, хилийн цэргийхэн, цагдаа, тагнуул, прокурур, шүүхийн ажилтнуудаас эхлэн маш олон хүмүүс сонирхон орсон. Эдгээр сонирхогч бүх хүмүүст дээрхи боломжууд нээлттэй байсан нь Сэлэнгэ аймагт дугуйн спорт цэцэглэн хөгжих үндэс суурь эхэлсэн гэж би боддог. Тэднийг харах бүрд л миний хобби улам ихээр хөдөлж, ингэж дугуй унах юмсан гэдэг хүсэл төрсөн дөө /инээв/. Хүүхэд байхдаа дугуй унадаг байсан л даа. Ингээд шийдээд л дугуй авсан.

-Брэндийн гоё дугуйтай болсон. Бөөн баяр. Анхны жийлт хэрхэн өрнөв?

-2017оны 11 сарын 11-нд Меридагийн зөвлөх бидний нэрлэж заншсанаар Ожгоо Эрдэнэбат маань хэсэг дугуйчдын хамт ирж, Монгол Улсын хойд хилээс Урд хил буюу Замын–үүд хүртэлхи /1088км/ нэртэй аялалыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоос эхлүүлж байв. Миний хэсэг нөхөд эдгээр дугуйчидтай хамтран Сүхбаатар-Алтанбулаг, Алтанбулаг-Сүхбаатар-Сүхбаатар самбар гэсэн чиглэлээр жийж холын аялалынанхныгараагаа эхэлж байв. Бид өвлийн саруудад түр завсарлаад 2018-01-20-нд Меридагийн зөвлөх Ожгоо Эрдэнэбат мөн л хэсэг дугуйчдын хамтаар манай аймагт дахин ирж, 2018 оны жийлтийн маань нээлтийг хийж өгчихөөд буцсан. Түүний дараа бид өөрсдөө цагаан сар өнгөрөөгөөд жийж эхэлсэн. Бид эхлээд наадмын талбай, гэрэлт хөшөө, корпусын эцэс, Номтын амралт руу салдаг уулзвар гэх мэтийн ойрын зайнд жийдэг байсан. Тэгээд 2018 оны 07-р сарын 15-ны өдөр Сүхбаатар-Алтанбулаг, Алтанбулаг-Сүхбаатар чиглэлээр анхныхаа холын аялалыг /60км/ хийснээр бидний амьсгал задарсан. Энэ үеэс эхлэн 7 хоногт нэг удаа холын зайн /60км-ээс дээш/ жийлт хийдэг болж, өглөө, орой олуулаа нийлэн тогтмол жийж хэвшсэн. Бид өдөр ирэх тутам улам олуулаа болж, олон ч сайхан залуучууд орж ирж нэгдсэн. Мөн унадаг дугуйтай болсон бид унадаг дугуй жийхийн давуу тал, эрүүл мэндийн ач холбогдол, техникийн аюулгүй байдлын талаар бусдаасаа суралцан, Улаанбаатар хотоос мэргэжлийн хүмүүсийг дуудан зөвлөгөө сургалтыг авдаг болсон нь бидний ололт бөгөөд сонирхогчид өсөн нэмэгдэхэд маш их нөлөө болсон юм. 

-Дугуйтай Сэлэнгэ клубын гишүүд хэрхэн бүрэлдэв. Хамтран зүтгэгч нараасаа танилцуулаач?

-Надтай хамт Б.Гантуяа гэдэг бүсгүй жийдэг байсан. Тэр маань мөн л миний ижил дугуйны хоббитой. Зарим үед ганцаараа, зарим үед Гантуяатайгаа жийдэг байлаа. Энэ сайхан хамт олныг бүрдүүлэхийн тулд манай дугуйчин Б.Гантуяа бид хоёр өглөө оройны жийлтээ таслалгүй жийж бидэнтэй нэгдэж орж ирсэн дугуйчиддаа дугуйныхаа ач холбогдолын талаар уйгагүй ярьж суртачлан, хаанаас ямар дугуй авахыг нь зааж өгч, тусалж дэмжсээр ирсэн. Үүний үр дүнд бидэнтэй хамт дугуй унадаг залуучуудын маань 80-90хувь нь Мерида брендийн дугуйнууд унадаг болсон.Дугуйчин Б.Гантуяа маань спортлог гэр бүлээс гаралтай бөгөөд Мото спортын мастер Бямбаа гуайн охин гэхээр Сэлэнгийн ард түмэн андахгүй юм байналээ. Энэ сайхан эрч, хүчтэй бүсгүйтэй хамтран энэхүү спортыг цэцэглэн хөгжих үндэс суурийг тавьж өгсөн гавъяатай хүмүүсийн ач буянаар сэтгэл шулуудан энэ спортыг хөгжүүлэх ажилдаа гар шамдан орцгоосон. Бид хоёрСэлэнгэ аймгийн унадаг дугуй сонирхогчдын нэгдсэн групп” нээн ажиллуулсан. Группдээ өдөр бүхэн хол ойрынхоо жийлтийн зурагнуудаа, хаашаа явсан чиглэлтэйгээ тогтмол оруулж, Сэлэнгэ аймгийнхаа үзэсгэлэнт сайхан газруудаар хамт олноороо аялж, сэтгэл санаагаа сэргээн эрүүл мэндийн хувьд гайхамшигтай сайхан эерэг өөрчлөлтүүдийг мэдэрч буйгаа оруулдаг. Манай хамт олон дунд бидний  өдөр бүхний, өглөө, оройны жийлт, хол ойрын аялал, олон улсын арга хэмжээ, гадаад дотоодын аялалд явахад бидний зургийг авч, түүхэнд мөнхөлдөг хоёр дугуйчин, зурагчин бий. Энэ хоёртоо маш их талархаж байгаагаа илэрхийлье. Тэднийг Н.Цогтбаатар /Шунхлайгийн/, нөгөөх нь Т.Түмээ /Түмэнбаяр/ нар шүү дээ.

-За хүрээгээ тэллээ. Олон найзуудтай боллоо. Танай хамт олны амжилтыг сонирхож болох уу?

-2018 оны 09-р сарын 15-нд Монгол Улсад болсон Олон улсын унадаг дугуй сонирхогчдын Азийн наадамд аймгаасаа 11-үүлээ аймгаа төлөөлөн амжилттай оролцсон. 2018 онд бид багаараа 4100 км жийсэн бөгөөд МЕРИДА брендийн дугуйчдын шинэ жилээр Оны шилдэг”-ээр шалгарсан. Иинхүү бид 2018 оноо амжилт бүтээл дүүрэн үдсэн. Б.Гантуяа бид хоёрын үүсгэн байгуулсан групп маань тухайн үед 300 гаруй гишүүд, дэмжигчидтэй болсон байсан.

Ийнхүү бид олон сайхан эрч хүчтэй, амьдралын зөв хэмнэлтэй, бусдад сайн сайхныг түгээгч, зөв зүйлд уриалан дуудагч хүмүүсийн тавьж өгсөн унадаг дугуйн хөгжил, унадаг дугуйн спортыг хөгжүүлэх ажилдаа улам л дурлан зүтгэцгээсээр байна. Бидний жийлт 2018 оны 9 сарын 15-наас эхлэн аймгаасаа гарч эхлэсэн. Учир нь Улаанбаатар хотод зохиогдож байгаа Азийн унадаг дугуйн Чингис хаан бартаат замын 125 км-ийн фестиваль бидний анхны томоохон наадам, бусдаас суралцах, хаана яваагаа мэдрэх, өөрсдийгөө сорих үүд хаалгын эхлэл болсон. Энэхүү наадамд аймгаасаа 11 дугуйчин ажилттай оролцон өгөгдсөн замыг дуусгаж ирсэн нь улам л эрч хүчээр хурцалсан явдал болсон юм. Энд манай багт 9 эрэгтэй, хоёр эмэгтэй байсан. Энэ нь Б.Гантуяа бид хоёр байв. Ингэж дугуйн спортоор сонирхогчдын түвшинд анх удаа аймгийнхаа нэрийг гаргаад ирсэндээ баяртай байдаг. Энэ сайхан дугуйн спортын ач тус, эрүүл мэндийн ач холбогдол, гоё сайхныг хүмүүст мэдрүүлэхийн тулд ингэж өөрсдөө биеэрээ үлгэр жишээ үзүүлж байгаадаа баяртай байдаг. Улмаар 2019 оны 9 сарын 21-нд мөн энэхүү наадамдаа дахин 17 дугуйчид оролцож дэд байрыг эзлэхдээ бид хэдийнээ тодорхой хэмжээнд туршлагажиж байгаагаа мэдрэн бага ч гэлээ өөрсдөөрөө бахархсан шүү. 2018 онд бид багаараа 4100 км, 2019 онд 5300 км жийсэн амжилтыг хэлэхэд үнэхээр сайхан байна. 2019 оны 7 сард Сэлэнгэ аймгийн баяр наадамд анх удаа унадаг дугуйн парад зохион байгуулж оролцсон нь бидний амжилтын нэгэн илрэл төдийгүй, ард нийтээрээ унадаг дугуйн спортыг талархан дэмжих нь их болсны баталгаа юм. 

-Дугуйн спортын гайхамшиг. Шунан дурлахын аргагүй болдог нууцаасаа хуваалцаач?

-Дугуйчин хүн дугуйн дээрээ жаргаж явдаг юм. Үнэхээр дугуйгаа унаад явж байхдаа орчлонгоос тасарна шүү дээ. Жинхэнэ аз жаргалыг эдэлж байдаг. Дугуйн спорт бол маш идэвхитэй хөдөлгөөн, эрүүл мэнд, эрч хүч, аялал бас амралтыг нэг дор цогцоор нь өгдөг онцлогтой спорт. Аялаад явж байхдаа л амарч байдаг юм. Дээр нь эко спорт. Санхүүгийн гарлага байхгүй. Бензин, тос шаардахгүй. Байгаль орчин бохирдуулахгүй. Мөн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлнэ. Ялангуяа хүүхэд, залууст үлгэр жишээ болохоор гоё спорт. Гоё сайхан нь энд л байна. Тэгээд хүмүүс өөрсдөө дугуйгаар хичээллээд, жийгээд ирэхээрээ л гайхамшгийг нь мэдэрч эхэлнэ дээ.

-Өөрийг тань ажилдаа дугуйгаар явж байхыг харсан. Болж байх юм уу?

-Би чинь эхлээд Алтанбулагийн чиглэлд, тэгээд нэлээд олон чиглэлд олон удаа жийсэн. Бас Чингис 125 км гээд олон улсын бартаат замын аялалд оролцсон. Нэлээд туршлагажиж авсан гэх үү дээ. Ингэж явж ирээд л шууд Алтанбулаг руу ажилдаа дугуйгаа унаад л явчихдаг болсон. Үнэхээр би дугуйн спортын гоё, сайхан, ач тусыг мэдэрсэн учраас өглөө ажилдаа явахдаа жийгээд л орой ажлаа тараад дугуйгаа жийгээд л гэртээ ирдэг болсон. Дугуй бол идэвхитэй хөдөлгөөн гэж би хэлсэн. Учир нь дугуй жийж явахад хэзээ ч хөдөлгөөний хомсдолд орохгүй. Яагаад гэвэл маш идэвхитэй, бүх төрлийн булчингуудыг ажиллуулж байдаг ач тустай. 

-“Дугуйтай Сэлэнгэ” ТББ байгуулсан гэсэн. Энэ байгууллагыг ямар зорилгоор байгуулах болов. Шинэхэн ажлынхаа талаар сонирхуулахгүй юу?

-Энэ бол бидний амжилт, нийтийн биеийн тамирыг нутаг орондоо хөгжүүлж байгаагийн илрэл билээ. Бидний мөрөөдөл олон ч залуучуудыг урин дуудаж өөртөө цаг гаргаж, эрүүл мэндээ хамгаалан, амьдралын зөв хэвшилд татан оруулах зорилгыг агуулсан. Ийнхүү орон нутагт нэгэн сонирхолын доор олуулаа болоод ирэхээр зүй ёсны урган гарах шаардлага бол нэгдсэн зарын суваг, уулзах газар, баримтлан анхан шатны дүрэм журам хэрэг болж ирсэн. Ингээд миний зүгээс хэн нэгнийг удирдах гэсэн сонирхол бус аюулгүй ажиллагаа, бусдад төвөг тарихгүй, зөв дадал зуршлыг бий болгох, мэдээлэл солилцох хэрэгцээ шаардлага дээр урган гарсан шаардлагын улмаас энэхүү клубээ байгуулаад нэг сар болж байна.2018 оны “Чингис 125” бартаат замын олон улсын наадамд оролцох санаачилгыг бид өөрсдөө гаргаад, манай Цогоо /шунхлайгийн/  “Сэлэнгэ байк” гэдэг нэр өгсөн. Бид энэ нэрийн дор олон улсын арга хэмжээнд оролцсон. Тэр үед бидэнд Сэлэнгэ байк гэдэг л нэр байснаас албан ёсны тамга тэмдэг байгаагүй. Ингэж явахад зайлшгүй ямар нэгэн байгууллага байгуулж, үйл ажиллагаагаа баталгаажуулах нь зүйтэй юм байна гэсэн бодол төрсөн. Ийнхүү нэг хүн, нэг айлын хөгжлөөс улс орны хөгжил эхэлдэг энгийн үнэнд бид ч өөрсдийн чадахын хэрээр хувь нэмрээ оруулан нутаг орондоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд чадах чинээгээрээ зүтгэн өнөөдрийг хүрлээ. Цаашид ч энэ эрчээрээ улам хөгжих болно. Гурван жилийн өмнө фэйсбүүк хуудсаар нэгддэг байсан Сэлэнгэ аймгийн дугуйчид өнөөдөр “Дугуйтай Сэлэнгэ” клубээ байгуулан ирээдүйгээ маш өөдрөг итгэлтэй харж байгаа. Сэлэнгэ аймагт унадаг дугуйн хэрэглээ, унадаг дугуйн жийлт хөгжихөд оролцоогүй нэг ч хүн байхгүй гэж боддог. Хэн нэгний нэрийг дурдахад дахин хэн нэгэн ард үлддэг гэмтэй. Иймээс тэр бүр хүний нэрийг дурдан онцлохыг бодсонгүй. Учир нь энэ бүх хугацаанд хамт байж халуунд халж хүйтэнд хөрж хамт жийлцэж өнөөдрийн түүхийг бичилцсэн дугуйчдаас гадна, яг өнөөдөр өөрсдөө дугуй жийж амжихгүй байгаа ч эрх мэдэл, зав боломжийн хүрээндээ тусалж дэмжиж ирсэн эрхэм хүмүүсээс эхлээд унадаг дугуй жийж сураагүй бяцхан хүүгийн мөрөөдөл, үр хүүхдээ дэмжин суугаа аав ээж эмээ өвөө, хань ижилдээ цаг зав гарган аялалд үдэж, угтаж байгаа хүн бүрийн сэтгэл зүрхэн дээр энэ хөгжил цэцэглэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэ онд Монгол Улсад болсон Азийн наадамд бид 17-уулаа оролцож, багаараа 2-р байранд орж бүгд медальтай ирсэн. Олон улсын азийн фестивальд оролцож байгаа багуудаас хамгийн олон хүнтэй нь манай баг байсан. Ингэж гадаад, дотоодын болон олон улсын арга хэмжээнүүдэд оролцоход бид тамга тэмдэггүй хэцүү байсан. Иймээс зайлшгүй төрийн бус байгууллага байгуулах нь зүйтэй юм байна гээд “Дугуйтай Сэлэнгэ” ТББ байгуулсан. Манай байгууллагын зорилго бол залуучуудаа идэвхижүүлж, орон нутгаа сурталчилсан дугуйн спортоор дамжуулж, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, нийтийн биеийн тамирыг ард иргэдэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдсэн. 

-Дугуйн спортод зориулах цаг, мөн ажлынхаа цагийг хэрхэн зохицуулж байна. Ажиглаад байхад нэлээд цаг завгүй хөдөлмөрлөж байх шиг?

-Манай ажил бол ээлжийн ажил. Бид 2 өдөр гараад 2 өдөр амардаг. Хоёр өдөр гарахдаа өглөө 8.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл ажиллаж буугаад маргааш орой нь 20.00 цагаас гараад маргааш өглөөнийх нь 08.00 цагт буудаг. Харин дараагийн хоёр өдөр нь бүтэн амардаг гэсэн үг. Иймээс ажлын өдрүүдийн нэг өдөр нь л бид дугуй жийж амждаггүй. Бусад гурван өдөрт нь заримдаа өглөө, оройдоо юм уу өдөрт хоёр удаа жийдэг. Ажлын бус цагаар бидэнд зөв хөдөлгөөн зайлшгүй хэрэгтэй байгаа. Ийм учраас дугуй жийж байна.

-Танай дугуйчид олон улсын чанартай уралдаан тэмцээнд амжилт гаргасанд талархал илэрхийлье. Аливаа уралдаан тэмцэнд оролцоход санхүүгийн асуудал нэлээд гардаг. Аймаг, орон нутагтайгаа хэр холбоотой ажиллаж байна?

-2018, 2019 онуудад болсон олон улсын чанартай уралдаануудад оролцоход аймгийн Засаг дарга Ш.Оргил, Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга нар маш их дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Эдгээр удирдлагууддаа маш их талархаж байгаагаа хэлмээр байна. Бид энэ сайхан хүмүүсийн, орон нутгийн удирдлагуудынхаа дэмжлэгтэйгээр маш сайн оролцоод ирсэн. Бид хүсэлтээ гаргаад өгдөг. Манай аймгийн дарга Ш.Оргил биднийг маш их дэмжиж, хүлээж авсан. Залуу хүн, маш эрчтэй, зоримог,дайчин юм билээ. Бид өөрөө өөрсдийгөө л санхүүжүүлж, бүх зүйлээ л дааж явдаг. Энэ байдлаасаа болоод бид маш олон арга хэмжээнээс хоцорсон. Олон улсын уралдаан тэмцээн, гадаад дотоод аялал гээд. Өнөөдөр бид өөрсдийн боломжоороо л явж байгаа. Биднийг азийн наадамд 2 удаа ороход аймаг, орон нутгаас маш сайхан дэмжсэнд үнэхээр баярлаж байгаа. Энэ бол гайхалтай дэмжлэг. Мөн аймгийн удирдлагууд дугуйчдаа дэмжиж улсын төсвийн хөрөнгөөр Сэлэнгэ аймгийн төвд 1.4 км дугуйн замыг тавьж өгсөн нь бидэнд урам хайрласан үйл явдал болсон.

-Тэгэхээр дугуй жийж явахад ямар нэгэн эрсдэл тохиолддог уу. Тухайлбал хөл гарын шөрмөс татах, ядрах, дугуй саатах гэх мэт?

-Байнгын бэлтгэл сургуулилт хийгээд байвал бэрхшээл тохиолдох нь бага л даа. Зарим тохиолдолд тогтмол жийдэггүй хүмүүсийн шөрмөс татах, ядрах явдал гарна. Жишээ нь; 2019-09-21нд болсон Олон улсын азийн наадамд оролцоход манай зарим хүмүүсийн шөрмөс татах явдал гарсан бөгөөд Дугуйтай дархан клубын дугуйчид эмчтэй явж байсан учраас тусламж аваад зүгээр болсон. Мөн дугуй эвдрэх зэрэг юм гарнаа.

-Та ямар брэндийн дугуй унадаг гэсэн бэ. Дугуйт хүлгээ магтахгүй юу?

-Дугуйгаа магталгүй яах вэ. Би Тайваны мерида брэндийн дугуй унадаг. Миний  анхны дугуй брэндийн дугуйнууд дотроо бенз ангилалд багтдаг, 10 араатай  рэмбо 780 гэдэг гоё дугуй байсан. Гоё дугуй унана гэдэг дугуйчин хүний чимэг төдийгүй аюулгүй байдлыг бүрэн даадаг. Одоо бол би Duk4s маркийн цагаан өнгийн дугуй авсан унаж байгаа.

-Өөрийн тань ярианаас ажиглаж байхад гадаад харилцаагаа нэлээд өргөжүүлж байгаа бололтой?

-Бид 2019 онд ОХУ-ын Буриад улсын дугуйчидтай Галуут нуур, Цурхай нуурын чиглэлд хоёр өдрийн 350 км-ийн дугуйн аялалыг өөрсдөө зохион байгуулсан .  бөгөөд аялалд маань манай дугуйчдаас гадна Дархан, Улаанбаатар хотын дугуйн клубын тамирчид нийлээд 15 хүн оролцсон. Бид зүгээр нэг хоббигоор дугуй унаж байгаа гэвэл өрөөсгөл ойлголт болно. Бид оролцож байгаа уралдаан бүх зүйлдээ Сэлэнгэ аймгаа маш сайн сурталчилж,аймгийнхаа тугийг авч явдаг. Нутгийнхаа аялал жуулчлалын гоё газруудаа сурталчилдаг юм. Ингээд өнгөрсөн намар орос, буриадын 10 гаруй дугуйчид ирж манай Сэлэнгэ сайхан нутгийн үзэсгэлэнт газрууд болох Сайханы хөтөл, Сэлэнгэ самбар, Буур хээрийн хөшөө, Ээж мод, Шаамарын гүүр зэрэг газруудаар дугуйгаар аялаад жийгээд буцсан байгаа. Бид орос буриадын дугуйчидтай хамтарч ажиллаж байна. Саяхан би өөрөө явж очиж гэрээ хийгээд ирсэн. Тэд бидний аялалын талаарх мэдээллийг өөрсдийнхөө хобби нэгт хүмүүсийнхээ фейс бүүк хаягт тавьчдаг юм байна лээ. Эндээс хараад миний хаяг руу Казакстан, Украйн, Беларусс, ОХУ-аас Эрхүүгээс, Улан-Үд, Хөх хотоос хамтарч ажиллах урилга ирсэн. Бид өөрсдөө зохион байгуулаад гадаадын олон улсын жийлт хийнэ. Бид яваад жийгээд ирсэний дараа тэд харилцан манай аймагт айлчилж, тэр дундаа Сэлэнгэ сайхан нутагт минь жийлт хийх болно. Иймээс одоо дугуй маань биднийг дэлхийтэй холбож байна. Манай клуб байгуулагдаад сар болж байхад 100 гаруй гишүүнтэй болсон байна. өнөөдөр гэхэд яг 108 дахь гишүүн маань орж байх жишээтэй.

-Саяхан өөрийг тань аймгаа төлөөлөн Монголын дугуйчдын эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүлэгчээр сонгогдсон гэж сонссон. Баяр хүргэе. Энэ талаараа . . . ?

-2019 оны 11 сарын 08-нд Монголын дугуйчдын эрх ашгийг хамгаалах холбоо анхныхаа тэргүүлэгчдийг сонгосон. Энэ холбоонд бүх аймаг, орон нутгийн 30 гаруй дугуйн клубүүдийн тэргүүнүүд, Улаанбаатар хотын 10 гаруй клубын тэргүүнүүд нийлээд 50-иад админууд нэгдсэн. Энэ холбоо 11 тэргүүлэгчтэй. Үүний нэгээр манай Сэлэнгэ аймгийн Дугуйтай Сэлэнгэ клубээ төлөөлөн миний бие сонгогдсон. Би үүнд маш их баяртай байгаа. Энэ маань бидний үйл ажиллагааг дэмжиж байгаагаас гадна, Сэлэнгэ аймгийн дугуйн клуб ямар их үйл ажиллагаа явуулдаг, ямар их нэр хүндтэй байгаагийн илрэл гэж би ойлгож байгаа.

Аяллаас олох зүйл маш их. Зөв хэвшил, тэсвэр, тэвчээр, нөхөрлөл, өөрийгөө болон бусдын төлөөх хайр хүндэтгэл, хувийн зохион байгуулалт, техник мэдлэг гээд тооцоод баршгүй ч гэлээ энэ бүгдээс хамгийн эрхэм нь Эрүүл мэнд” билээ.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

 

 

Холбоотой мэдээ