Нэг сонгогч хоёр санал

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2019-12-03 12:09:17

УИХ-ын ээлжит сонгуулийг угтан сонгуулийн хуулийг тогтмол шинэчилдэг. УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль долоон сарын дараа болно. Иймээс энэ онд багтаж сонгуулийн хуулийг өөрчилнө. УИХ 2015 онд сонгуулийн хуулийг өөрчилж Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулийн хуулийг нэгтгэсэн юм. Харин одоо дээрх гурван сонгуулийг тус тусын хуулиар явуулах хуулийн төслийг бэлэн болгожээ. Энэ бол эхний мэдээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа дараагийн мэдээ нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл байгаа юм.


УИХ-ын дэд дарга Л. Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг хуулийн төслийг бэлэн болгоод шат шатны багууллагуудаар дараалан хэлэлцүүлээд нэгдсэн ойлголтод хүрчээ. Хуулийн төслөөр УИХ-ын 76 гишүүний 50-ыг нь жижиг тойргоос, 26-г нь улсыг нэг тойрог болгоно. Сонгогч намуудын нэр дэвшигчдээс  нэг нэр дэвшигчийн нэрийн өмнөх тоог дугуйлах тэмдэглэл хийнэ. Намуудын нэр дэвшигчид нам тус бүртээ сонгогчдоос авсан саналынхаа тоогоор эрэмбэлэгдэн хамгийн олон саналтай 26 нь УИХ-ын гишүүн болно. Сонгуулийн хуулийн төслийг бэлтгэсэн түвшинд парламент баталсан нөхцөлд нэг сонгогч өөрийн жижиг тойргоос нэг, түүнээс гадна томсгосон тойргийн нэг нийт хоёр санал өгнө. Эндээс харвал  ирэх  сонгуулиар нэг сонгогч хоёр санал гэсэн шинэ зарчим (урьд нь хэрэглээгүй) үйлчилнэ. Энэ нь өнгөн талаас нь харвал холимог шинжтэй. Харин мөн чанар нь УИХ-д иргэд төлөөллөө шууд сонгох агуулгыг бүрэн  хадгална. Тэгэхээр сонгуулийн  хувь тэнцүүлсэн тогтолцооны элемент энд орохгүй. Харин мажоритар тогтолцооны хоёр хэлбэрийг нэг дор агуулсан, шинэ хувилбар гэж ойлгож болно.


Ер нь сонгуулийн хууль өөрчлөгдөх болгонд  хүчтэй сөхөгддөг гол санаа нь сонгуулийн тогтолцоо, хэлбэр байдаг билээ. Тэр жишиг энэ удаа ч давтагдах бололтой. Парламентын сонгуулийн санал хураах хэлбэр өөрчлөгдөх нь тодорхой болсныг дээрх төслөөс харж болно. УИХ-ын сонгуулийн хуулийн төслийн талаар парламентад суудалтай намуудын байр суурийг авч үзвэл харилцан адилгүй байна. УИХ дахь олонх МАН бэлтгэсэн төслөө дэмжиж байна. Харин сөрөг хүчин Ардчилсан нам сонгуулийн холимог тогтолцоог дэмжинэ гэж мэдэгдлээ.


Ардчилсан намын хувьд, Үндсэн хуулийн нэмэлтээр сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд оруулах санал гаргасан боловч УИХ-ын үнэмлэхүй олонх (57) гишүүдний дэмжлэг аваагүй. Тэр байр сууриа өөрчлөхгүй гэж тэд мэдэгдсэн нь энэ.


Ардчилсан шинэ Үндсэн хууль баталсан 1992 оноос өнөөдрийг хүртэл УИХ –ын ээлжит сонгууль долоон удаа болжээ. Эдгээрээс  УИХ-ын ээлжит 1992, 2008 оны сонгууль томсгосон олон мандааттай (26) тойргоор явсан. Хамгийн олон буюу 1996, 2000, 2004, 2016 онд болсон УИХ-ын ээлжит сонгуулиуд нэг мандаттай жижиг 76 тойргоор явж байжээ. Харин ганцхан удаагийн УИХ-ын  сонгууль (2012 он)-ийг намын нэр дугуйлах байдлаар хувь тэнцүүлсэн элемент багтаан холимог тогтолцоогоор явуулсан байна.


УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль, хуулийн төсөл бэлтгэсэн байдлаас харвал урьд нь болж өнгөрсөн долоон удаагийн сонгуульд хэрэглээгүй хэлбэрийг сонгон авах бололтой. Сонгуулийн хуулийг парламент төслийн хүрээнд баталбал мажоритар тогтолцооны хоёр хэлбэрийг нэг дор агуулсан сонгуулийн шинэ дөрөв дэх хувилбар  орж ирнэ.

 

Нэг үгээр хэлбэл болж өнгөрсөн долоон удаагийн сонгуульд ашигласан мажоритар жижиг  76 (дөрөв) тойрог, томсгосон 26 (хоёр) тойрог, хувь тэнцүүлсэн элемент оруулсан (пропорциналь) холимог (нэг) тогтолцооноос алийг нь ч хэрэглэхгүй байх магадлал өндөр байна. УИХ-ын сонгуулийн энэ удаагийн хуульд хэлбэрээс гадна өөр олон шинэ зүйл орсон нь тодорхой. Тэр бүхнийг энд дурдах нь илүүц.

Холбоотой мэдээ