Ахмад тариаланчдад хүндэтгэл илэрхийллээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-12-03 14:30:41

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Атар газар эзэмшсэний, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ойн хүрээнд 11 дүгээр сарын 30-ны өдөр улсын тэргүүний Түмэнцогт суманд “Атар-60 жил” хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо. Энэ үеэр Сүхбаатар аймагт газар тариалангийн салбарын эх суурийг тавьсан ахмад тариаланчдад хүндэтгэл үзүүлсэн юм.

Баярын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон нутгийн хөгжил хариуцсан зөвлөх Ж.Батсуурь, аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, Засаг даргын орлогч Б.Ганцогт, Түмэнцогт сумын Засаг дарга Б.Амараа болон бусад хүмүүс оролцов.

Тэртээ 1959, 1960 онд Монгол Улсад анхны атар газрын шанг татаж, олон сайхан залуус газар тариалангийн салбарт орон ажиллаж, Монгол орныхоо хүнсний дотоод хэрэгцээг хангах их үйлсэд зүтгэж ирсний түүхэн гэрчүүд та бүхэн билээ. Сүхбаатар аймаг хөдөө аж ахуйд суурилсан эдийн засагтай аймаг боловч Тамсагийн САА Түмэнцогтод нүүн ирснээр цоо шинэхэн салбар бий болж, тэр үеэс газар тариаланг ХАА-н салбартай хослуулан хөгжүүлсээр өдийг хүрсэн. Энэ түүхийг хамтдаа бүтээлцсэн ахмад тариаланчиддаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Атрын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч бие даасан зарлиг гаргаж, Монгол орны өнцөг булан бүрт байгаа салбарын ахмадуудыг төрийн дээд ордон медалиар шагнасан. Ингэж ахмад тариаланчдын алдрыг мөнхжүүлэх, түүхэн үйл явдлыг тэмдэглэн өнгөрүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч сэтгэл зүрхээ гаргаж ажилласныг дуулгахад таатай байна. Цаашид энэ салбарыг төрийн бодлогоор тусгайлан дэмжиж, Монгол Улс дотооддоо өөрийнхөө хэрэгцээний хүнсийг хангадаг болох чиглэлээр онцгойлон анхаарч байгаа. Сүхбаатар аймаг хэдийгээр Монгол орны газар тариалангийн гол бүс нутгуудын хэмжээнд хүрэхгүй ч өөрийн хэмжээнд, тодруулбал Түмэнцогт сумынхаа газар нутгийг түшиглэн энэ ажлаа үргэлжлүүлэх юм бол илүү ахиж дэвших боломж бий. Учир нь 2008-2016 онд аймгийн удирдлагаар ажиллаж байхдаа Түмэнцогт сумын дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн нь газар тариалангийн салбарыг цаашид хөгжүүлэхэд маш том давуу тал болно гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон нутгийн хөгжил хариуцсан зөвлөх Ж.Батсуурь баярын хуралд хэлсэн үгэндээ дурдлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор ахмад тариаланч Х.Загдаа,  Алтан гадас одонгоор Д.Чулуунбаатар, Г.Чимэддорж мөн Хөдөлмөрийн хүндэт медаль болон салбар, аймаг орон нутгийн шагналаар шагнагдсан хүмүүст энэ үеэр шагналыг нь гардуулав.

Түмэнцогт суманд өдгөө ч газар тариалангийн ажил өрнөсөн хэвээр байгаа. Өдгөө тус суманд газар тариалангийн таван компани 10 гаруй мянган га-д тариалалт хийж байна. Эдгээр компанийг сум орон нутгийн зүгээс зохих түвшинд дэмжиж, хамтран ажилласаар байгаа гэдгийг Түмэнцогт сумын Засаг дарга Б.Амараа онцолж байлаа. 

Холбоотой мэдээ