Европын их, дээд сургуульд суралцах боломжийг танилцуулав

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-12-05 17:48:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улс дахь Европын Холбооны төлөөлөгчийн газар Монголд анх удаа “Европт суралцъя” өдөрлөгийг зохион байгууллаа. Энэ үеэр Европын 100 гаруй их, дээд сургуульд богино болон урт хугацаагаар суралцах боломжтой Erasmus+ хөтөлбөрийг онцлон танилцуулсан юм.

 

МУИС-ийн номын санд болсон өдөрлөгийг нээж БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хэлэхдээ, “Монгол Улсын Засгийн газар Европын Холбоо, тус холбооны гишүүн улс орнуудтай олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Энэхүү найрсаг хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн тэлэх бодлого барьж байна” хэмээн тэмдэглэв.

 

Европын нэр хүнд бүхий их дээд сургуульд суралцах өргөн боломж олгодог дээрх хөтөлбөрийн үр шимийг монгол оюутнууд олноор хүртээсэй гэх зорилгын үүднээс тус өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм байна. Erasmus+ хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд бүх зардлыг хөтөлбөрөөс санхүүжүүлдгээрээ онцлог бөгөөд энэхүү хөтөлбөр нь бакалавр, магистын түвшний гэсэн хоёр төрөлтэй, оюутнуудаас гадна их дээд сургуулийн багш ажилтнууд ч хамрагдах боломжтой аж. Европын Холбоо болон түүний гишүүн орнууд дээд боловсролын салбарт олон жил амжилттай хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрт одоогоор дэлхийн 9 сая оюутан хамрагдаад байгаа юм байна.


Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа хэлэхдээ, “Европ тив бол дэлхийн түвшний боловсрол олгодог их дээд сургууль, дээд боловсролын байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн олонтой. Тэр чинээгээр маш олон боловсролын хөтөлбөр санал болгодог, оюутнуудын хамгийн их сонгон суралцдаг газруудын нэг юм” гэдгийг тодотгосон юм. Өдөрлөгийн үеэр түүнээс дараах мэдээллийг тодрууллаа.

 

-Монголын залуус энэхүү хөтөлбөрөөс ямар таатай боломжуудыг хүртэнэ гэж та үзэж байна вэ?

 -Энэхүү хөтөлбөрийг 2014-2020 он хүртэл хэрэгжүүлж байна. Мөн 2020 оноос хойш дахин сунгах боломжтой. Тиймээс Монгол Улсын МСҮТ, коллежийн оюутнуудаас бусад бүх түвшний оюутнууд хамрагдаж болно. Тус хөтөлбөр нь Европын Холбооны санхүүжилт нь буурахгүй тогтвортой нэмэгдүүлж буй ганц хөтөлбөр юм. Хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 21 хувийг зөвхөн Азийн орнуудад зарцуулдаг. Тиймээс Монголын оюутнууд энэхүү давуу боломжийг ашиглаж хөтөлбөрийн үр шимийг хүртээсэй гэж хүсэж байна.

Мөн өнөөдрийн өдөрлөгт Төв болон баруун, зүүн Европын орны Франц, Герман, Чех, Румын зэрэг улсын их дээд сургуулиуд үйл ажиллагаагаа танилцуулж байгаа тул монгол оюутнууд хөтөлбөрийн талаар өргөн мэдээлэлтэй болсон болов уу гэж найдаж байна.

 

-Хөтөлбөрт хамрагдахын тулд оюутан эхлээд сургуульдаа хандах шаардлагатай юм байна. Тэгэхээр тухайн сургуулийнхаа хамтын ажиллагаатай, Европын бүх сургуулиас сонгон хөтөлбөрийн санхүүжилтээр суралцах боломжтой гэж ойлгож болох уу?

 

-Тийм ээ, Оюутнууд суралцаж буй  сургуулиараа дамжуулан Erasmus+ хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой.  Erasmus+ хөтөлбөрийн хүрээнд ажиллаж буй бүх сургуулиуд хоорондоо консерциумтэй байдаг. Богино болон урт хугацааны сургалт алинд нь ч хамрагдах  байсан тус концерциумын бүрэлдэхүүнд багтсан Монголын их, дээд сургуулийн гадаад харилцааны хэлтэст хандах хэрэгтэй. Хэрвээ тухайн суралцагчийн хүсэлтийг зөвшөөрөх юм бол суралцах гэрээ байгуулдаг. Гэрээнд хэдий хугацаанд, ямар түвшинд, ямар чиглэлээр суралцах талаар тодорхой зааж өгдөг юм. 




Холбоотой мэдээ