Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангалттай гэж үнэлэв

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-12-05 09:22:38

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит X хуралдаанаар аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцлээ. Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангалттай гэж үнэллээ.

Илтгэлийг аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар танилцуулав.

Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр нь дөрвөн бүлэг, 114 зорилт, 443 арга хэмжээнээс бүрдэж хэрэгжилт 88,9 хувийн гүйцэтгэлтэй байна. Тодруулбал, 100 хувийн биелэлттэй буюу үр дүнтэй 342, 70 хувийн биелэлттэй буюу тодорхой үр дүнд хүрсэн 50, 40 хувийн биелэлттэй буюу эрчимжүүлэх шаардлагатай 13, үр дүнгүй хангалтгүй 17, хэрэгжих хугацаа болоогүй ес, үнэлэх боломжгүй 11, хасах саналтай нэг арга хэмжээ байна.

Нийгмийн бүхий л салбарт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийснээс “Байгаль орчинд ээлтэй хариуцлагатай уул уурхай ба орон нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт уул уурхайн салбарынхны зөвлөлгөөнийг хийж, улмаар 20 компанитай аймаг, уул уурхайн бүс нутгийн сумдын Засаг дарга нар нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах гурвалсан гэрээг байгуулж, аймаг орон нутгийн төсөвд 2,1 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Энэ нь урьд жилүүдээс шинэлэг, үр дүнтэй ажил болсныг онцлов.

Гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлээр хийсэн айлчлал сүүлийн жилүүдэд байгаагүй хэмжээний буюу албаны долоо, албан бус дөрвөн удаагийн гадаад айлчлалыг хийжээ. Үүний гол үр дүн  нь үе үеийн засаг дарга нарын үед яригдаж байсан Бичигт боомтыг авто зам, төмөр замаар холбох цаашлаад далайд гарцтай болох их ажил хоёр орны Засгийн газрын түвшинд хэлэлцэгдэж, эхлэл амжилттай тавигдсан. Мөн хамтын ажиллагааны хүрээнд аймгийн зүгээс хүлээсэн үүргээ 2017,02018 онд биелүүлж чадаагүйгээс болж хамтын ажиллагаа сулрах, итгэл алдах байдал үүссэн байсныг  бүрэн сэргээж чадсан. Цаашдын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж,  санамж бичгийг байгуулсан гэдгийг тодотголоо.


Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид бүгд Засаг даргын ажилд сэтгэл хангалуун байсан бөгөөд цаашид аймаг болон сум орон нутагт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийг аймгийн харъяат ААНБ, компаниар гүйцэтгүүлэхийг уламжилж байлаа. 

Холбоотой мэдээ