Бүтэн өнчин хүүхдүүдэд жилд 500 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-12-05 21:53:48

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 2-3-нд хуралдсан аймгийн ИТХ-ын ээлжит 10-р хуралдаанаар бүтэн өнчин хүүхдүүдэд жилд нэг удаа 500 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ. Тодруулбал, аймгийн хэмжээнд байгаа 79 бүтэн өнчин хүүхдэд жил бүрийн 6-р сарын 1-нд 250 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог байсан бол 2020 оноос эхлэн 500 мянган төгрөг болгож нэмэгдүүллээ.  

Анх 2013 онд тухайн үеийн аймгийн Засаг дарга байсан Д.Цэндсүрэн “Хөх толбо” хадгаламжийг санаачлан бүтэн өнчин хүүхдэд 100 мянга, хагас өнчин хүүхдэд 50 мянган төгрөгийн хадгаламжийг нээж, жил бүрийн 6-р сарын 1-нд олгож эхэлсэн юм. Тэрбээр 2016 онд бүтэн өнчин хүүхдэд жилдээ нэг удаа олгодог мөнгөн дүнг 200 мянга болгож өсгөсөн бөгөөд энэ нь сүүлийн гурван жилд 50 мянган төгрөгөөр нэмэгдэж, тасралтгүй олгогдсоор иржээ.

Аймгийн хэмжээнд 1679 хагас өнчин хүүхэд байгаа бөгөөд тэдэнд жил бүрийн 6-р сарын 1-нд 50 мянган төгрөгийн урамшуулал олгодог юм.  

Холбоотой мэдээ