Хөрсний бохирдол буураагүй байна

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2019-12-05 17:25:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол орны хөрс судлал-2019” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр “Холидэй Инн” зочид буудалд боллоо.

Хурлаар хөрсний бохирдлын талаар судлаач мэргэжилтнүүд нэлээн хөндөж, энэ талаар дорвитой үйл ажиллагаа явуулаагүй, бодит үр дүнгүй, бохирдлын түвшин буураагүй, хэвээр байгааг шүүмжилж байв.

Судлаачдын хэлж буйгаар хөрсний бохирдлыг хоёр төрөлд хуваан авч үздэг байна. Нийслэлийн хэмжээнд микробилогийн органик бохирдол нийт суурьшлын бүсийн хэмжээгээр 88 хувь нь нянгын бохирдолтой хэвээр байна. Төвийн болон үйлдвэрлэлийн бүсэд хөрсний хүнд металлын бохирдол стандарт хэмжээнээс 10-20 дахин хэмжээний агууламжтай байна.

Хөрсний бохирдлыг бууруулах аргыг технологийн судалгаанд тулгуурлан хийдэг боловч энд ганцхан технологийн аргаар бус түүнийг нэвтрүүлж хэрэглэхэд хууль эрхзүйгээр зохицуулах шаардлагатай байгааг онцолж байв.


Нийслэлд микробилогийн органик бохирдол суурьшлын бүсийн хэмжээгээр 88 хувь нь нянгын бохирдолтой хэвээр байна. Төвийн болон үйлдвэрлэлийн бүсэд хөрсний хүнд металлын бохирдол стандарт хэмжээнээс 10-20 дахин хэмжээний агууламжтай байна.



БОАЖ-ын сайдын зөвлөх Г.Нямдаваа, “Монгол орны хөрсөн бүрхүүл нь ялзмагт үе давхарга нимгэн, үржил шимээр ядуу, нэгж талбайгаас бий болох бүтээгдэхүүний хэмжээ бага” гэдгийг хэлж байв. Хөрс-уур амьсгалын чадавхи хязгаарлагдмал, хөрсний нөөцийг зохистой ашиглан, хамгаалах эрхзүйн орчин төгөлдөршөөгүй, ашиглагч, эзэмшигчдийн экологийн боловсрол, сэтгэлгээ тааруухан зэргээс шалтгаалан хөрсний элэгдэл эвдрэл, бохирдол эрчимтэй явагдаж буйг хурлаар хөндсөн юм.

Хөрсний нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалахтай холбоотой үйл ажиллагаа хийгдэхгүй, хуримтлагдсаар эцэст нь шийдвэрлэхэд хүндрэлтэй нөхцөл байдалд хүргэж болзошгүйг хэлж байв.

Сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс хөрс элэгдэж эвдрэх, үржил шим буурах, физик-химийн бохирдол манай орны байгалийн бүх бүслүүрийг хамарч газар ашиглалтын төрөл бүрд ихээхэн илэрч байгаа нь хөрсний нөөцийг ашиглаж буй арга хэлбэр, амьдралын хэв загвар болон аж ахуй эрхлэх үйл ажиллагааг өөрчлөн сайжруулах хэрэгтэйг илтгэж байна.


Өнөөдрийн хурлаар манай орны хөрс судлалын шинжлэх ухааны түвшин, бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, хөрсний үржил шим, тариалангийн хөрсний элэгдэл эвдрэлийн судалгааг танилцуулан хэлэлцүүллээ. Мөн хот орчмын хөрсний бохирдол, шинжилгээний үр дүн, хөрс сайжруулах, хамгаалах талаар оролцогчид судалгааны арга зүй, үр дүн, туршлага солилцлоо.

“Монгол орны хөрс судлал-2019” эрдэм шинжилгээний хурлыг “Дэлхийн хөрсний өдрийг” жил бүрийн 12 сард тэмдэглэх болсонтой холбогдуулан БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн зохицуулалт, бодлогын газар, ХААИС-ийн Агроэкологийн сургууль хамтран зохион байгууллаа.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ