Зөрчил маргаантай хэдий ч НАТО-гийн эв нэгдэл хэвээрээ

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2019-12-05 17:55:50

Цэргийн эвсэл байгуулагдсаны тэгш ойг тохиолдуулан Лондонгийн ойролцоох хотод цугларсан НАТО-гийн гишүүн орнуудын удирдагчид нэлээд ширүүн маргалдсаны эцэст “тус эвсэл эв нэгдэлтэй байгаа” гэдгийг зарлан мэдэгдлээ. Тодруулбал, тэд Балтийн орнууд ба Польшийг хамгаалах төлөвлөгөөний талаарх маргаантай асуудлаа зохицуулж чаджээ. Энэ тухай ВВС агентлагийн тоймч Юри Вендик-ийн бичсэн нийтлэлийг сонирхуулъя.   


“Өнөөдөр бид Балтийн орнууд, Польштой холбоотой шинэчилсэн төлөвлөгөөг батлахаар тохиролцлоо. Энэ нь бид урагшилж чадна, байр сууриа уялдуулан шинэчилж чадна гэдгийг харуулж байгаа учраас ийм шийдвэр гаргасанд би баяртай байна” гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг дээд хэмжээний уулзалт дууссаны дараа лхагва гарагт мэдэгдсэн байна.

Йенс Столтенберг 


Дээд хэмжээний уулзалтын өмнөхөн Турк улс дээрх төлөвлөгөөг батлахгүй бойкотлоно гэж мэдэгдэж байлаа. Энэ нь АНУ болон бусад холбоотон улсууд Сири дэх Курдын өөрийгөө хамгаалах отрядуудыг “террорист бүлэглэл” гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаны хариуд хийсэн мэдэгдэл юм. Туркийн тал курдуудыг террористууд гэж нэрлэдэг бол курдууд хэт даврагчидтай хийсэн тулалдаанд АНУ тэргүүтэй олон улсын эвслийн гол холбоотон байсан билээ.    


Балтийн орнуудын дипломатчдын ярьснаар бол, Балти, Польшийн төлөвлөгөөний тухайд техникийн асуудал хөндөгдөх аж. Энэ нь цэргийн холбогдолтой арга хэмжээнүүдийн жагсаалтыг шинэчлэх явдал бөгөөд одоохондоо дээрх төлөвлөгөөний шинэчилсэн хувилбарыг батлаагүй учраас хуучин нь үйлчилж байна.  Гэсэн хэдий ч уг хэлэлцүүлэг маргаан нь улс төрийн хувьд ихээхэн ач холбогдолтой байсан учраас Йенс Столтенберг “маргааныг шийдвэрлэсэн нь эвслийн эв нэгдлийг илтгэн харууллаа” гэж хэлсэн хэрэг юм.


НАТО байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан Лондонгийн хаяа хот болох Уотфорд-од зохион байгуулсан хоёр өдрийн уулзалтын явцад эвслийн орнуудын удирдагчид, ялангуяа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Францын Ерөнхийлөгч Э.Макрон нар Сири дэх Туркийн ажиллагаа, НАТО-гийн стратегийн зорилт, Европ дахь гишүүн орнуудын цэргийн зардлыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар ихэд сэтгэлийн хөдөлгөөнтэйгээр маргалдаж байлаа. 


Эвслийн дотор болсон ширүүн маргаан, Ерөнхийлөгч Трампын твиттертээ бичсэн жиргээ зэргээс үл шалтгаан НАТО-гийн цэргийн машин хэвийн ажиллаж, эвслийн дорнод жигүүр бэхэжсээр байгааг олон улстөрчид, цэргийнхэн онцлон тэмдэглэж байна. 


Энэ талаар Йенс Столтенберг ярихдаа “Би бол улстөрч хүн, агуулга муутай хоосон гоё үг ярьдаг гэж намайг шүүмжилдэгт би хэдийнэ дассан. Харин НАТО-д бүх зүйл үүний эсрэгээр байна. Гадаад шинж тэмдгүүд нь тааруухан харагдаж байгаа боловч агуулга нь маш сайн байгаа. Энэ бол тун сайшаалтай хэрэг” гэлээ.


“Тархи үхэжсэн” тухай дахиад л ярьсан нь


11 дүгээр сарын эхээр “The Economist” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ Эммануэль Макрон “НАТО-гийн тархи үхэжсэн” тухай ярьж дуулиан дэгдээж байсан бол Лондонгийн саммитын үеэр ч гэсэн уг сэдвээр үргэлжлүүлэн маргажээ. 

Ярилцлагын үеэр Францын Ерөнхийлөгч хэлэхдээ “НАТО-гийн гишүүн Европын орнууд эвслийн үүрэг ролийн талаар дахин тунгаан бодож, “цэргийн салбарт хараат бус байдлыг дахин сэргээх”, түүнчлэн Украины асуудлаар хатуу тууштай байх, Орос улстай стратегийн яриа хэлэлцээгээ сэргээх нь зүйтэй” гэсэн байна. Түүнээс гадна, Турк улс холбоотнуудтайгаа зөвшилцөхгүйгээр Сирид ажиллагаа явуулсан нь Макроныг түгшээж байгаа аж.


 “Харамсалтай нь, терроризм гэж юу вэ гэдэг талаар бидэнд нэгдсэн ойлголт алга. “Лалын улс”-ын эсрэг бидэнтэй мөр зэрэгцэн тулалдаж байсан хүмүүсийн эсрэг Турк улс дайтаж байна. Зарим тохиолдолд “Лалын улс”-тай холбогдсон хүмүүстэй хамтран ажиллаж байна. Энэ бол стратегийн шинжтэй асуудал мөн!” гэж Макрон онцлон хэлсэн байна. Харин “Лалын улс”-тай хамтран ажилласан гэж буруутгасанд нь туркууд тун ихээр дургүйцжээ.

 

“Жигшмээр мэдэгдэл”


Макрон “НАТО-гийн үхжиж буй тархи”-ны тухай ярьсан нь маш бодлогогүй үйлдэл гэж Д.Трамп хэллээ.


“28 гишүүн улсын хувьд бол энэ нь зэвүүцэл төрүүлмээр мэдэгдэл” гэж Америкийн Ерөнхийлөгч хэлээд, Францад ажилгүйдэл их байдаг, тус улс Америкийн интернэт компаниудад татвар ногдуулах гэж байгаа тухай, үүний хариуд АНУ франц дарсанд татвар тогтооно гэж ярьжээ.  


Өмнө нь Макрон цэргийн салбарын хараат бус байдлын талаар ярьсныг Европын зарим улстөрчид, тэдний дотор Германы эрх баригчид шүүмжилж байсан юм. НАТО-гийн эвсэл нь Европын аюулгүй байдлын үндэс суурь байсан, цаашид ч байсаар байх болно гэж тэд мэдэгдэж байна.  


Саммитын үеэр Трамп Туркийн Ерөнхийлөгч Эрдогантай тусгайлан уулзсан бөгөөд хагас цаг үргэлжилсэн уулзалтын үр дүнгийн талаар талууд “бүтээлч уур амьсгалд болсон” гэхээс өөр ямар ч мэдээлэл өгсөнгүй. Дээд хэмжээний уулзалтын төгсгөлд “гэрэл бүлийн зураг” татуулах үеэр Эрдоган эхний эгнээний голд Трамптай зэрэгцэн зогсчээ.  

Трамп, Эрдоган нарын уулзалт 


Мөнгө ба стратеги


Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойших 3 жилийн хугацаанд болсон НАТО-гийн орнуудын удирдагчдын албан ба албан бус уулзалт бүрийн үеэр цэргийн зардлын хэмжээний тухай асуудал хурцаар хөндөгдсөөр ирсэн. Европчууд АНУ-д хэт их найдаад өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангахад зарцуулах мөнгийг хангалттай хэмжээгээр гаргахгүй байна гэж Ерөнхийлөгч Д.Трамп байнга шүүмжилсээр байгаа билээ. Харин энэ удаагийн уулзалтын үеэр ийм яриа хөөрөө бага зэрэг намжив бололтой. 


Лондонгийн уулзалтын өмнөхөн НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столбенберг тайлангаа тавихдаа, энэ оны дүн мэдээллээр, АНУ-аас гадна 8 улс цэргийнхээ зардлыг ДНБ-ний 2 хувьд хүргэнэ гэсэн амлалтаа биелүүлэх боломжтой гэдгийг дурдлаа. Үүний тухайд Д.Трамп твиттер хуудсандаа “энэ бол том ахиц дэвшил” гэж жиргэсэн байна. Тайланд дурдсанаар, сүүлийн 3 жилийн хугацаанд НАТО-гийн гишүүн Европын орнууд ба Канадын батлан хамгаалахын зардал жил бүр 130 тэрбум доллароор өссөөр иржээ.


Орос улс Крымыг өөртөө нэгтгэсний дараа буюу 2014 онд, Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнө  НАТО-гийн гишүүн орнууд дараагийн 10 жилийн хугацаанд цэргийнхээ зардлыг ДНБ-ний 2 хувьд хүргэхийг эрмэлзэнэ гэж бие биендээ амлаж байсан юм. Гэвч 29 холбоотон улсын ихэнх нь батлан хамгаалахын төсвөө тун удаан, тун дурамжханаар нэмэгдүүлж байгаа аж. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн ер бусын үйл явдал болохгүй л бол 2024 он гэхэд тавьсан зорилтдоо хүрэх төлөв алга. 


НАТО-гийн гишүүн орнуудын цэргийн зардлын хэмжээг харуулсан зураглал 


Эл сэдвээр Францын Ерөнхийлөгч ярихдаа, хамгийн гол нь НАТО-гийн эвсэл оршин тогтнохын утга учир, зорилгыг тодорхой болгосны дараа л хэн, хэчнээн мөнгө зарцуулахыг ярилцъя гэж уриалж байгаа юм. Дашрамд дурдахад, Франц улс 2014 онд авсан амлалтаа биелүүлэхэд тун дөхөж байгаа бөгөөд ДНБ-нийхээ 1,84 хувийг армидаа зарцуулж байгаа бол Испани, Бельги, Люксембург зэрэг улсын хувьд эл үзүүлэлт 1 хувьд ч хүрэхгүй байгаа ажээ.


Б.Адъяахүү

Эх сурвалж: ВВС

 

Холбоотой мэдээ