2020 оныг “Хүүхэд хамгаалалд эцэг эхийн үүрэг оролцоог хангуулах жил” болгон зарлалаа

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-12-05 21:48:51

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг 2019 оныг “Хүүхэд хамгаалал, өв тэгш хүмүүжлийн жил” болгон зарласан. Жилийн ажлын хүрээнд нийт таван багц, 65 ажлыг тусгаж одоогийн байдлаар хэрэгжилт 89 хувьтай байгаа аж. 

Тэгвэл жилийн ажлын тайланг аймгийн ИТХ-ын ээлжилт хуралдаанаар хэлэлцээд “Тодорхой үр дүнд хүрсэн” гэж дүгнээд, сургалт, судалгааны үр дүнг тогтвортой хадгалж, цаашид үйл ажиллагаандаа  ашиглаж, хүүхдийн  хамгаалал, хөгжил, оролцоо, хүмүүжил төлөвшлийг дээшлүүлэх ажил арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг дарга, аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүнд үүрэг болголоо. 

Хүүхэд хамгааллын бодлогын асуудлыг тухайн нэрлэсэн жилийн хүрээгээр хязгаарлах бус байнгын тасралтгүй хэрэгжүүлэх, улмаар аймгийн хэмжээнд статистик судалгаагаар хөдөлмөр эрхэлдэг хүүхдийн тоо, хүүхдүүдийн хорт зуршлын хэрэглээ нэмэгдсэн, хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдийн тоо өндөр байгаа, хүүхдийн хүмүүжилд эцэг, эхийн үүрэг оролцоо хариуцлага сул, хүүхдийн хүмүүжилд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх, эерэг хандлагыг бий болгох,  салбар дундын хамтыг ажиллагааг хөгжүүлэх зэрэг санал гаргасан тул Баянхонгор аймгийн хэмжээнд 2020 оныг “Хүүхэд хамгаалалд эцэг эхийн үүрэг оролцоог хангуулах жил” болгон зарлажээ.

Холбоотой мэдээ