В.Путин: ОХУ, Монгол Улс эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломж бий

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-12-06 07:52:01

СОЧИ. /TASS/. ОХУ болон Монгол Улсад гуравдагч орнуудын оролцоотой эрчим хүчний хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сайхан боломжууд бий гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзахдаа мэдэгджээ.


“Эрчим хүчний хувьд бидэнд хөгжих сайхан боломж, тэр дундаа гуравдагч орнуудын оролцоотой хөгжих боломж бий. Мөн мэдээж хэрэг, хүндэт ноён Ерөнхий сайд аа, бид Монгол Улсыг Евразийн эдийн засгийн холбоотой яриа хэлэлцээ хийхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Манай монгол найз нөхөд ийм хамтын ажиллагааг сонирхож байгааг бид мэднэ” гэж В.Путин хэлсэн байна.


Түүний хэлснээр, Орос-Монголын бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн онд 21 хувиар, харин энэ оны эхний найман сард 15 хувиар өсжээ.


“Газпром байгалийн шингэрүүлсэн хий нийлүүлж эхэллээ. Роснефть нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээний 80 хувийг хангаж байна. Мөн эрчим хүч нийлүүлж байгаа. Хөдөө аж ахуй бараа эргэлтэд маш чухал үүрэг гүйцэтгэж байна” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч нэмж хэллээ.


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 12 дугаар сарын 3-нд Москва хотноо ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй үр өгөөжтэй хэлэлцээ хийж, чухал асуудлуудын талаар санал нэгдсэн болохыг онцлон дурдав. “Бид эрчим хүчний салбарын болон нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлээр манай хоёр улсын хамтын ажиллагааны асуудлыг, хийн хоолой барих, мөн хоёр талын харилцааны стратегийн бусад чиглэлийг хэлэлцлээ” гэж Монгол Улсын Ерөнхий сайд хэлсэн байна. Тэрбээр хоёр улсыг амжилттай хөгжиж буй уламжлалт найрсаг харилцаа холбодог гэж цохон тэмдэглэжээ.


ОХУ-ын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд нарын уулзалтад шадар сайд Алексей Гордеев, ерөнхийлөгчийн туслах Игорь Левитин, “Газпром” компанийн тэргүүн Алексей Миллер, “Роснефть” компанийн тэргүүн Игорь Сечин нар оролцсон байна.


Холбоотой мэдээ