Махыг зах зээлийн үнээс 500-1000 төгрөгөөр хямд худалдаж байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
nandintsetseg@montsame.gov.mn
2019-12-06 09:44:08
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв суурин газрын хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх зорилготой “Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаа  Яармагийн зам дагуу байрладаг “Сансар”, Нарны замд байдаг “Саруул” худалдааны төв, Чингис зочид буудлын эсрэг талын “Скай” их дэлгүүрт энэ сарын 5-20-нд үргэлжилнэ. Өргөтгөсөн худалдаагаар иргэд өвлийн хэрэгцээний махаа зах зээлийн үнээс 500-1000 төгрөгөөр хямд худалдан авах боломжтой.


Өргөтгөсөн худалдаагаар эрүүл ахуйн үзлэг шинжилгээнд хамрагдсан, уламжлалт аргаар шаардлага хангасан мал нядалгааны цэгт бэлтгэсэн мах, малын дайвар бүтээгдэхүүнийг дундын зуучлагчгүй үнээр худалдах юм. Өргөтгөсөн худалдаанд Булган, Дорноговь, Төв, Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Сүхбаатар, Увс, Ховд, Өвөрхангай зэрэг 11 аймгийн малчид оролцож байна.


ХХААХҮЯ-аас гаргасан судалгаагаар энэ оны есдүгээр сарын байдлаар бэлчээрт 84.2 сая толгой мал байгаагаас 16.5 саяыг хэрэгцээлэх, 67.7 сая малыг өвөлжүүлэх тооцоо гарчээ.


Хэдийгээр салбарын яамнаас зах зээлийн үнийн тухайд оролцох боломжгүй  ч орон нутгийн удирдлагуудаас авсан тоон мэдээгээр үхрийн мах кг нь 7500, хонины мах 6000 төгрөгөөс ихгүй байхаар тооцоо гарч байна. 


ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле: "Манай яам махны үнийг одоогийн үнээс өсгөхгүй байхыг зорьж байна. Жишээлбэл, хонины махыг 6000 төгрөгөөс хэтрүүлэхгүй байх санал тавьж байгаа ч малчид хувиараа мал махаа борлуулж буйтай холбоотойгоор үнэ зөвхөн яамнаас шалтгаалахгүй байна" гэлээ.


Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ: "Өнөөдрийн байдлаар, манай аймгаас гурван сумын малчид 200 гаруй бог, 50 гаруй бодын махтай хүрэлцэн ирсэн байна. Маргаашаас энэ тоо нэмэгдэнэ. Энэ жил манай нутагт өвөлжилт хүндэрч, отор нүүдэл ихтэй байгаатай холбоотой зах зээлд нийлүүлж буй махны бага байна. Дундговийн мах амт шимтээрээ хэрэглэгчдэд хэдийнээ танигдсан" хэмээв.   





Холбоотой мэдээ