БНАСАУ пуужингийн хөдөлгүүрийн туршилтаа сэргээж магадгүй

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-12-06 12:11:37

НЬЮ-ЙОРК. /TASS/. БНАСАУ-ын эрх баригчид Пёнан-Пукто мужид орших Сохэ туршилтын талбайд пуужингийн хөдөлгүүрийн туршилтаа сэргээхээр бэлдэж байгаа тухай Америкийн CNN телевиз мэдээлжээ.


Тус телевизийнхэн Калифорнийн хувийн компани болох “Planet Labs”-ын мэргэжилтнүүдийн хиймэл дагуулын тусламжтайгаар авсан зургуудыг олж авсан байна. Миддлберийн хүрээлэнгийн шинжээч Жеффри Льюисын хэлснээр, зургуудаас харахад пуужингийн хөдөлгүүрийн туршилтын газрын ойролцоо ачааны том контейнер байрлуулжээ. Үүнээс харахад  БНАСАУ пуужингийн хөдөлгүүр дахин туршихаар төлөвлөж байж магадгүй гэж шинжээчид үзэж байгаа аж. CNN телевизийн мэдээнд онцлон тэмдэглэснээр, энд пуужин харвах тухай яриагүй байна.


СNN телевизийн дээрх мэдээлэлд АНУ-ын Тагнуулын төв газар болон Пентагоны төлөөлөгчид хараахан тайлбар өгөөгүй байна.


Сансрын буудал гэж мөн нэрлэдэг Сохэ туршилтын талбай Пёньян хотоос баруун хойд зүгт 200 км, цөмийн томоохон цогцолбор болох Йонбёноос баруун зүгт 70 км зайтай газар оршдог ажээ.

Холбоотой мэдээ