Аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл 85,2 хувиар биелжээ

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-12-06 13:19:48
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-ын XI хуралдаанаар 12 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний дотор аймгийн нийгэм, эдийн засгийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тайлан, илтгэлийг сонсож, биелэлтийг 85,2 хувьтай хэмээн дүгнэжээ.

Аймгийн нийгэм, эдийн засгийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төлөвлөгөөнд зургаан чиглэлийн хүрээнд нийт 90 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 58 нь 100 хувь биелсэн, 16 нь 70 хувь, 8 нь 40 хувь хэрэгжсэн бол огт хэрэгжээгүй 3, үнэлэх боломжгүй 5 ажил байна. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл төлөвлөгөөний хэрэгжилт өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.8 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Тодруулбал, засаглалын хүрээний төлөвлөгөөний хэрэгжилт 94,5 хувь, эдийн засгийн хүрээний үйл ажиллагаа 88,7 хувь, нийгмийн бодлогын хүрээний ажил 87,1, ХАА, газар тариалан, үйлдвэрлэлийн хүрээний ажил 92 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин БОАЖУУ-н хүрээний ажил 95,7 хувь, Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил 63,3 хувийн биелэлттэй байна. 

Тус хуралдаанаар аймгийн нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх, үндсэн чиглэл, төлөвлөгөө, төсвийг хэлэлцэн баталлаа. Ирэх онд аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр нийт 77 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж, ОНХС-ийн хөрөнгөөр  нийт 6,6 тэрбум гаруй төгрөгийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо. Түүнээс 2,3 гаруй тэрбум төгрөгийг 15 суманд хуваарилжээ.  

Тус сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх томоохон өртөг бүхий ажлууд нь Мандалговь хотын Цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын үргэлжлэл, аймгийн төвийн Дулааны станцын 2-р хэлхээний шугам, сүлжээний зураг төсөв, Сайнцагаан сумын Далай хорооллын 0.4 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, аймгийн төвийн гэр хорооллын гэрэлтүүлэг, Залуус хорооллын нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, зарим орон сууцны барилгын гадна фасад хийх зэрэг ажлууд юм.

Холбоотой мэдээ