2019 оны "ТОП 20 багш" -ыг тодрууллаа

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-12-06 22:25:02

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн боловсролын салбарын эх хэлний судлагдахууны багаас санаачлан 2019 оны "ТОП 20 багш" шалгаруулах хүндэтгэлийн үйл ажиллагааг анх удаа зохион байгууллаа.


Энэ үеэр Хэрлэн дөрөвдүгээр сургуулийн багш Г.Ганцэцэг, Өмнөдэлгэр сумын ЕБС-ийн багш Л.Оюунсувд, Хэрлэн нэгдүгээр сургуулийн багш Т.Гансувд тэргүүтэй 20 багшийг БСУГ-ын болон аймгийн шагналаар шагнаж урамшууллаа.


Өнгөрсөн жилүүдэд аймаг орон нутгийн зүгээс боловсролын салбарт онцгойлон анхаарч хариуцлагын болон урамшууллын арга хэлбэрийг нэвтрүүлснээр 2019 онд Хэнтийчүүд элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр улсад хоёрдугаар байрт орж, 10 хичээлээс ес нь улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй дүгнэгдсэн юм.

Мөн эх хэлний сургалтыг сайжруулах зорилгоор шилдэг арга туршлагатай эх хэл бичгийн багш, сурагчдыг хамруулан "Багш, сурагч солилцооны хөтөлбөр"-ийг зохион байгуулжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд 3844 сурагчдын эх хэлний хичээлийн явцад дүн шинжилгээ хийж, 70 багшид мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгснөөс гадна 7382 эцэг эх, олон нийтэд зөв бичих дүрэм, үндэсний бичгийн анхан, дунд, шатны сургалтуудыг зохион байгуулсан аж.

Эдгээр ажлын үр дүнд ЭЕШ-д эх хэлний хичээлээр 2016 оноос хойш 16 байраар урагшилж, 2019 онд улсад нэгдүгээр байрт орсон бол улсын төрөлжсөн олимпиадын гурвын даваанд амжилт гаргасан багш, сурагдын тоо мөн адил жил бүр нэмэгдсээр байгаа юм.

Холбоотой мэдээ