Н.Цэрэнбат: “Туркиш эйрлайнс”-ийн шууд нислэг Монголыг Европтой холбох гүүр болно

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2019-12-08 15:00:06

Истанбул /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Турк улсад хийж буй албан айлчлалынхаа хүрээнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат агаарын тээврийн “Туркиш эйрлайнс” компанийн гүйцэтгэх захирал Билал Экшитэй Истанбул хотноо энэ сарын 6-нд уулзлаа.

Уулзалтаар, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Улаанбаатар-Истанбул чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлснээр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимжих, аялал жуулчлалыг шинэ түвшинд хүргэх, жуулчдын тоо өсөх боломжтой хэмээн үзэж буйгаа талууд илэрхийлэв.

Тус компани дэлхийн 126 улсад нислэг хийдэг бөгөөд Монгол Улс руу Турк улсаас Истанбулаар дамжуулан 100 улсад жуулчин тээвэрлэх боломжтой аж.

Том оврын онгоц нисэж эхэлснээр зорчигчдын тав тухтай байдлаас гадна нэг талдаа 10 тонн ачаа тээвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг "Туркиш эйрлайнс" компанийн дарга Билал Экши уулзалтын үеэр онцлов. Тэрбээр, Турк эйрлайнс” компани нэг улс руу чиглэсэн нислэг үйлдэх, тухайн нислэгт өөрсдийн нислэгийг борлуулахдаа тухайн улсаа давхар сурталчилдаг тул Монгол Улсын аялал жуулчлалын салбарт хувь нэмрээ оруулахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн долоон жил хүлээсэн шууд нислэгийн асуудлыг шийдэж өгсөнд тэрбээр Н.Цэрэнбат сайдад талархлаа илэрхийлж, хоёр орны аялал жуулчлалын салбарын түншлэл өндөр түвшинд гарна гэдэгт итгэлтэй байгаагаа онцолсон юм.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Туркиш эйрлайнс компани шууд нислэг үйлдэхээр болж хоёр орны аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулах, хоёр орны иргэн бүр энэхүү харилцааны үр шимийг хүртэхээр болж байгаад талархаж буйгаа илэрхийлэв. Мөн тэрбээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж ирсэн, тогтмол нислэгийн тоо нэмэгдсэн, иргэд харилцан визгүй зорчих болсон зэрэгтэй холбогдон Монгол Улс руу зорчиж буй жуулчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг тэмдэглээд шууд нислэг нь Монголыг Европтой холбох гүүр болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Түүнчлэн хоёр орны Засгийн газар, хувийн хэвшил, авиа компаниудын дэмжлэгээр Хархорины нисэх буудлыг олон улсынх болгох бүрэн боломжтой гээд Монгол Улсын Засгийн газраас “Туркиш эйрлайнс” компанийн нэг онгоцыг Монголын өв соёл, уламжлалыг харуулсан байдлаар тохижуулах, тус компанийн онгоцны тогтмол хэвлэлд Монгол Улсын талаарх сурталчилгааг байршуулах талаар дэмжлэг хүсэв.

“Туркиш эйрлайнс” компанийн гүйцэтгэх захирал Билал Экши, хоёр улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын жуулчин хүлээн авах боломж бололцоог олон улсад сурталчлахад улсын болон хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.


2018 оны байдлаар, Туркийн 8.9 сая жуулчин гадагшаа аялахдаа 5 тэрбум 181 сая ам.доллар зарцуулсан байна. Монгол Улсад Турк улсаас 2018 онд 2699, 2019 оны эхний 10 сарын байдлаар 1609 жуулчин ирсэн нь өмнөх жилийнхээс 23.5 хувиар ахиу үзүүлэлт юм. Харин Монгол Улсаас Турк улсад  2018 онд 5890, 2019 оны эхний 10 сарын байдлаар 5403  жуулчин аялжээ.


 


Холбоотой мэдээ