Дархан арьс ширний цогцолбор барьснаар 7500 орчим иргэн ажлын байртай болно

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-12-11 14:58:27

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Дархан-Уул аймагт арьс ширний цогцолборыг байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу Хонгор сумын 2 дугаар багт “Дархан арьс ширний цогцолбор”-ын 180 га газрыг олгож төслийн хүрээнд орон нутгийн өмчит компанийг байгуулан ажиллаж байна. 

Өнөөдрийн байдлаар тус цогцолборын цахилгааны дэд станцын барилгын ажил, дулааны шугам хоолой татах ажил, 2020 онд ашиглалтад орох ноос угаах, самнах үйлдвэрийн барилгын газар шорооны ажлуудыг хийж дуусчээ. 2019 оны 10 дугаар сард Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат Испанийн Вант улсын Астуриас мужид ажлын айлчлал хийсэн. Энэ үеэр тус арьс ширний аж үйлдвэрийн нэгдсэн төвийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх 3 том санамж бичигт гарын үсэг зурсан байна. 

Эдгээрээс эхний ээлжид Испанийн Вант улсын Астуриас мужтай хамтарч хийх дөрвөн шатлал бүхий цэвэрлэх байгууламжийн хөрөнгө оруулалтын асуудлаар харилцан тохиролцож чадсан. Энэ хүрээнд Испанийн Вант улсын Астуриас мужийн иргэн Мануэл Гонзалэз Гарсиа тус аймагт хүрэлцэн ирж аймгийн Засаг дарга С.Насанбат болон холбогдох төлөөлөлтэй уулзалт хийлээ. 

Уулзалтаар аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 01-А/324 дүгээр захирамжийг уншиж танилцуулсан юм. Энэхүү захирамж нь Испанийн Вант улсын Астуриас муж дахь Монгол Улсын Дархан-Уул аймгийн Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон тухай албан бичиг юм. Ингэснээр Дархан-Уул аймгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Испанийн Вант улсын Астуриас мужийн иргэн Мануэл Гонзалэз Гарсиа нь манай аймагт хэрэгжиж байгаа Дархан арьс ширний цогцолборт шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг өөрийн улсын бизнес эрхлэгчдэд танилцуулж улмаар хөрөнгө оруулалт татах нөхцөл бүрдэх юм.

Мөн энэ үеэр Худалдаа аж үйлдвэрийн танхимаас бэлэн байгаа 8 төсөл, Орхон сумаас зөгийн аж ахуйн төслийн материалыг итгэмжлэгдсэн төлөөлөгчдөд хүлээлгэн өглөө. Цаашид энэхүү итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан аймаг орон нутгаа хөгжүүлэх олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж харилцан туршлага судлах, улмаар орон нутагтаа хөрөнгө оруулалт татаж хотынхоо хөгжлийг дээшлүүлэх чиглэлээр түлхүү ярилцсан юм.

Манай Улсад жилд дунджаар 10-15 сая ширхэг арьс зах зээлд нийлүүлэгддэг. Түүхий эдийн арвин нөөц боломжтой ч тогтвортой нийлүүлэлт, борлуулалтын суваггүйн улмаас чанар болон зах зээлийн нөхцөл байдал туйлын хангалтгүй байдаг. Тиймээс Дархан хотод тус цогцолборыг барьж байгаа юм. Төсөл хэрэгжсэнээрээ арьс ширний үйлдвэрийг түшиглэсэн олон жижиг үйлдвэрлэгчид төрөн гарч улмаар орон нутагт 7500 орчим байнгын ажлын байр бий болох давуу талтай. Ажлын байр нэмэгдэж хүн ам олноор суурьшсанаар дагалдаад барилга, орон сууц, үйлчилгээний салбарууд нэмэгдэн хөгжих боломж Дархан хотод улам бүр өснө.

Холбоотой мэдээ