Утаа шүүгч суурилуулаагүй ААН-үүдэд арга хэмжээ авна

Монголын мэдээ | Байгаль орчин
nandintsetseg@montsame.gov.mn
2019-12-09 14:26:26
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Угаарын хийнд хордсон гэх дуудлага цөөрсөн ч агаарын бохирдол өмнөх өдрүүдийнхээс нэмэгджээ. Үүнтэй холбоотой түүхий нүүрс хэрэглэх зөвшөөрөлтэй ч янданд утаа шүүгч суурилуулаагүй ААН-үүдэд арга хэмжээ авахаар шалгалт эхлүүлснийг НМХГ-аас мэдээллээ.


Агаарын дундаж температур өнгөрсөн жилийн мөн үед -23.2 градус байсан бол энэ жил -14.3 гардус болж 8,9 градусаар дулаарчээ.


НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн: “Өнгөрсөн шөнө Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт 2 том хүн, 5 хүүхэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон дуудлага ирсэн. Энэ төрлийн дуудлага цөөрч байгаа ч сүүлийн үед нийслэл Улаанбаатар хотод агаарын бохирдол өмнөхөөс нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан НМХГ-аас түүхий нүүрс түлэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдэд хяналт, шалгалт эхлүүллээ. Эдгээр ААН-үүд түүхий нүүрс түлэх зөвшөөрөл авахдаа янданд утаа шүүгч тавих үүргийг хүлээсэн. Гэтэл иргэдээс ирсэн дуудлагын дагуу хяналт шалгалт хийхэд зарим нь шүүлтүүрээ суурилуулсан ч “тогны мөнгө их гарч байна” гэдэг шалтгаанаар унтраасан эсвэл ажиллуулаагүй, зарим нь шүүлтүүр гэх нэр төдий зүйл тавьсан зэрэг зөрчил илэрсэн. Улсын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд цаашид тусгай зөвшөөрөл, түүхий нүүрс түлэх зөвшөөрөл зэргийг цуцлах саналыг холбогдох газруудад хүргүүлнэ" гэлээ. 


Түүхий нүүрс хэрэглэхдээ янданд утаа шүүгч суурилуулаагүй ААН-үүдэд Зөрчлийн тухай хуулиар 3 сая хүртэлх төгрөгийн мөнгөн торгууль ногдуулна.


Энэ сарын 2-8-ны агаарын чанарын үзүүлэлтийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад азотын давхар исэл 30 хувиар өссөн, PM 10 хэмжээтэй тоосонцор 20 хувь, PM 2,5 хэмжээтэй тоосонцор 15 хувиар тус тус буурчээ. Угаарын хий болон озоны хийн агууламж өөрчлөлтгүй байгаа бөгөөд салхины хурд өмнөх оны мөн үед 1.4 м/с байсан бол энэ онд 0.9 м/с буюу харьцангуй тогтуун байна.


Улаанбаатар хотын газар зүйн байршил, цаг уурын онцлогтой холбоотой өглөөдөө инверсийн үзэгдэл ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, агаарт цацагдсан утаа дөрвөн уулын дунд түгжигдэж агаарын чанарыг хэмждэг станцуудын тоон үзүүлэлт стандартаас давж байгааг мэргэжилтнүүд хэллээ.


Агаарт буй нарийн ширхэгтэй тоосонцрыг маск бүрэн шүүдэг, харин бохирдуулагч химийн бодисоос хамгаалах арга хэрэгсэл байхгүй ч өрөө тасалгаандаа агаар цэвэршүүлэгч хэрэглэх, ус болон ногоон ургамал тавих зэргээр хамгаалах боломжтой.


Өмнөх жилүүдэд нийслэл хот өвлийн хэрэгцээндээ 6 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг байсан. Үүний 1.2 сая тонныг гэр хорооллын айл өрхүүд үлдсэнийг цахилгаан станцуудын хэрэглээнд зарцуулдаг байв. Жилийн энэ үед гэр хорооллын айл өрхүүд 350-400 мянган тонн түүхий нүүрс хэрэглэсэн байдаг бол энэ жил 120 мянган тонн сайжруулсан түлш хэрэглэсэн байгаа нь түлшний хэрэглээ 3 дахин буурсныг илтгэж байгаа юм.

Холбоотой мэдээ