С.Сайханжаргал: Үйлдвэрийн даалгаврыг 364,6 хувь хүртэл давуулан биелүүлж явлаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-12-14 13:48:33

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Тайшир сумын тариаланч Монгол Улсын аварга тариаланч, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт С.Сайханжаргалтай Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ойн баярын хурлын үеэр уулзаж ярилцлаа. Тэрээр тус аймгийн томоохонд тооцогддог Хуримтын услалтын системийн тулгын чулууг тавилцаж явсан ахмад тариаланчийн нэг юм.


-Сайн байна уу. Тариаланч болсон түүхээсээ хуваалцаач, өөрийн сонирхлоороо юу эсвэл аав ээжээсээ өвлөв үү?

-Сайн байна уу. Миний унасан газар угаасан ус маань Говь-Алтай аймгийн Тайшир сум. Бага насаа аав ээжтэйгээ мал дээр өнгөрөөсөн ч долоон настайдаа өнчирч хоцорсон. 1959 онд Тайшир сумынхаа Туяа нэгдэлд элсэн амьдрахын тулд ээжтэйгээ айлд туслах малчин хийж хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан. Зүтгэсний хүчинд хоёр ч айлыг Улсын аварга малчин болгож байлаа. Тэгээд 1971 онд өөрийн хүсэл сонирхлоороо Хуримтын услалтын системийг байгуулахад гар бие оролцож анх тариаланч болох сууриа тавьсан даа. Өдгөө Хуримтын услалтын системийн тулгын чулууг тавилцаж явсан Тайшир сумын ганц хүн нь гэдгээрээ бахархаж явдаг. 

1985 онд Нэгдлийн 1800 төгрөгөөр ОХУ-ын Украин СССР-ийн Хөдөө аж ахуйн сургуулийн агро-механикийн ангид суралцсан. Сургуулиа төгсөөд нутаг руугаа буцах замдаа “Улсын аварга болчихвол болоо доо” гэж л бодож явлаа. Тэр хүсэл минь ч биелсэн. Түүнээс хойш одоог хүртэл атар газартай аж амьдралаа холбоод хагас зууныг элээж байна.


-Одоогоор хэчнээн га газарт тарилангийн ажлаа эрхэлж байна вэ? Нэг га-аас хэдий хэмжээний ургац хурааж байна?

-Манайх газар тариалан, мал аж ахуйг хослуулан эрхэлдэг. Одоогоор 50 га газарт хадлан, 70 гаруй га талбайд халтар арвай, хөх арвай, зургаан талт цагаан арвай гэх мэт үр тариа, 5-10 га-д улаан хальст саримс, төмс, хүнсний ногоо тариалж байна. Га-аас авч байгаа ургацын хэмжээ 22-27 цн ургац хурааж хэвшсэн. 1975-1990-ээд он хүртэл Говь-Алтай аймгийн газар тариалангийн оргил үед үүнээс ч илүү ургац авч байлаа. Тэр үед техник тоног төхөөрөмж элбэг байлаа, 300 тн ногоон тэжээл, 200 тн хадлан, 270 тн үр тариа, нэг га-аас 350-370 цн ургац авдаг байлаа. Ингэснээр үйлдвэрийн даалгаврыг 110-364,6 хувь хүртэл давуулан биелүүлж байсан сайхан дурсамж бий. Нэгдэл задран бутарч бүх зүйл л хувьчлагдан буруу хүнд газар тариалангийн тоног төхөөрөмж маань очсон учраас ямар ч техникгүй үлдсэн дээ. Техник тоног төхөөрөмж  тааруу учир ургацын хэмжээ ч буурсан гэж хэлж болно. 


-Насаараа зүтгэсэн нөр их ажлаа үр хүүхдүүддээ өвлүүлж байна уу. Таны бодлоор залуус газар тариалангийн ажилд хэрхэн хандаж байна вэ?

-Миний хоёр хүү гэр бүлээрээ аав ээжийнхээ насаараа зүтгэсэн ажил хөдөлмөрийг даган газар тариалангийн ажил эрхэлж байна. Тэд маань багаасаа л энэ хөдөлмөрт зүтгэж, үр шимийг нь хүртсэн болохоор тариалангийн ажлаас шантарч байна гэж хойш сууж байгаагүй. Харин аж амьдралыг нь дээшлүүлье гээд хэд хэдэн айлыг дэмжин гэр бүлээр нь ажилллуулж байсан удаатай. Газар тариалангаас хол байсан хүмүүс хурдан шантардаг, хүрзээ хаяад л болилоо, чадахгүй юм байна гээд орхиод явдаг. Хийх хүн аргаа олдог, хийхгүй хүн шалтаг хайдаг гэдэг шиг өнөөгийн залуус аль болох амар хялбараар амьдрахыг чухалчилдаг болчихож. Гол нь сэтгэл дутаад байна. 


-Тариалан эрхлэгчдийг дэмжсэн бодлого шийдвэрүүд хөрсөн дээр хэрхэн буудаг юм бол. Халуун тогоонд нь байгаа хүний хувьд санал бодлоо хуваалцвал?

-Газар тариалан эрхлэгчдийг төрөөс бодлогоор дэмжихийн тулд олон шийдвэрийг гаргаж байгаа нь сонсогдох л юм. Харин тариаланч бидэнд үр шимээ өгөх нь бага. Миний тухайд сүүлийн 20 жил ЖДҮ-ийн зээл авахыг хүссэн. Өнгөрсөн жил батлагдсан ЖДҮ-ийн зээл авах гээд мөн ч их хөөцөлдөж байна, олон ч хаалга татлаа сайхан мэдээ сонсоогүй явна. Бор зүрхээрээ зүтгэж яваа тариаланч бидэнд үл хөдлөх хөрөнгө гэж юу байхав дээ. Ямар ч байсан өөрийн бололцоондоо тулгуурлан тариалангийн ажлаа эрхэлж, Хуримтын услалтын системийн үйл ажиллагааг зогсоочихгүй юм шүү гээд л зүтгэж байна даа. 


-Говь-Алтай аймгийн газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд тариаланч та бүхэнд тулгамдаж буй асуудал байна уу?

-Говь-Алтай аймгийн хэмжээнд техник тоног төхөөрөмжийн шинэчлэл нэн тулгамдаж байна. Энэ бол салбарын хөгжилд оруулж буй асар том хөрөнгө оруулалт болно. Хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмж өртөг өндөртэй. Үр тариа ахиухан боловсруулъя гэхэд л хөрс хуулдаг комбайн трактор хэрэгтэй. Сүүлийн 30 жил газар тариалангийн ажил гадаргуугын аргаар гар усалгаанд суурилан өрхийн хэрэгцээгээ хангах л хэмжээний явж байна. Тиймээс газар тариалангийн салбарын бидэнд тоног төхөөрөмж л тулгамдсан асуудал болоод байна. Өдгөө шинэ жаран эхэлж буй энэ цаг үед Говь-Алтай аймгийн удирдлагууд болон хөдөө аж ахуйн холбогдох албаныхан тариаланч бидэнтэй хамтран салбарын хөгжлөө эрчимжүүлэхэд анхаарч ажиллаасай гэж хүсч байна. 

Мөн хүнсний ногоогоо хадгалах зориулалтын зоорь байдаггүй. Энэ нь тариаланч бид бүтэн жилийнхээ хөдөлмөрййн үр шимийг бодитой хүртэж чадахгүйд хүрдэг. Намрын налгар өдрүүдэд тариа ногоогоо хураачихаад зах зээлд хэрэглэгчдийн гарт хүргэхийн тулд бөөнөөр нь дэлгүүрүүдэд хямдхан өгдөг. Энэ нь мэдээж хэрэглэгчдэд хүрэх үнэд хүртэл нөлөөлж үнэ өсөх суурь нь болж байна. Хэрвээ бидэнд ногоо хадгалах зориулалтын зоорь байсан бол ард иргэд тариаланчдын гараас хямд үнээр бүтээгдэхүүнээ худалдан авах боломж бий. Ер нь жилийн дөрвөн улиралд чөмгөө дундартал ажиллаж байгаа хүмүүс бол тариаланчид, малчид юм. Тиймээс төр эдгээр хүмүүсийн хөлс хөдөлмөрийг бодитой үнэлж, бодлогоор дэмжих хэрэгтэй гэж бодож явдаг.


-Борлуулалт гэснээс хэдий хэр хэмжээний ургац борлуулалтад гаргаж байна вэ?

-Тайшир сумын “Газрын өгөөж-Хуримт” хоршоо 1997 онд байгуулагдсанаас хойш халтар арвай, улаан хальст саримсыг дагнан тариалж байна. Монгол Улсын Засгийн газрын  “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” ажлын хүрээнд халтар арвай, улаан хальст саримсаа брэнд бүтээгдэхүүн болгож чадсан. Халтар арвайг жилд 30 орчим тонныг хураан авч, 20 орчмыг нь боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгодог. Бүтээгдэхүүнээ орон нутгийнхаа болон Улаанбаатар хотын намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаанд удаа дараа оролцож, хэрэглэгчдэдээ хүргэдэг. Манайх энэхүү бүтээгдэхүүнээ уламжлалт гар аргаар гаргадгаараа онцлогтой, тиймээс ч амт чанарын хувьд олонд таашаагдсан даа. Мөн эрүүл мэндийн чухал ач холбогдолтой. Тодруулбал, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулдаг, хор гадагшлуулдаг, элэг цөс нойр булчирхайд сайн гээд ач тусыг дурдвал маш их.


-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Ургац тань арвин байх болтугай.


Холбоотой мэдээ