Х.Мөнхзул: ЭМДШ-ээ төлсөн иргэн багцын үзлэг шинжилгээнд хамрагдах боломжтой

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-12-13 16:24:16

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын эмч Х.Мөнхзултай уулзаж, Эрүүл мэндийн багцын үзлэг шинжилгээ хэрхэн явж байгаа талаар тодрууллаа.


Энэхүү эрүүл мэндийн багцын үзлэг шинжилгээ нь шинээр хийж байгаа зүйл биш аж. Нийгмийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулсан, сонгон шалгаруулалтаар орж тэнцсэн, хоёр болон гуравдугаар шатлалын эрүүл мэндийн байгууллага, сум дундын эмнэлэг гэх мэт байгууллагуудад энэхүү үзлэг шинжилгээг хийсээр иржээ. 2019 оны онцлог нь Эрүүл мэндийн даатгал Нийгмийн даатгалаас тусдаа гарч, энэ жилийн багцын үзлэг шинжилгээний санхүүжилтийг бүрэн олгож байгаа аж. Өөрөөр хэлбэл иргэнээс нэг ч төгрөг гаргахгүйгээр хавдар болон зүрх судасны өвчнийг эрт үед нь илрүүлж оношлон шинжлэх зорилготой үзлэг шинжилгээг явуулж байгаа юм. Хэнтий аймгийн хэмжээнд аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Бэрх, Биндэрийн сум дундын эмнэлэг урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн багцын үзлэг шинжилгээг хийх сонгон шалгаруулалтад орж тэнцэн эрхээ авчээ.


- Энэхүү урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн багцын үзлэг шинжилгээ яг хэзээнээс албан ёсоор эхэлсэн бэ? Одоогоор нас насны ангиллаар хэчнээн иргэд хамрагдаад байна вэ?

- Багцын үзлэг шинжилгээ 2019 он гарснаас хойш дөрөв, тавдугаар сард орон даяар эхэлсэн. Манай аймгийн хэмжээнд урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн багцын үзлэг шинжилгээнд хамрагдалт төдийлөн хангалттай бус байна. Хамрагдах зорилтот бүлгийн хүн ам маш их буюу 18 наснаас дээших ЭМДШ төлсөн бүх л иргэн хамрагдах боломжтой. Энэ нь манай аймгийн нийт хүн амын дийлэнх хувийг эзэлж байгаа. Үүнээс үзэхэд үзлэг шинжилгээнд хамрагдаж байгаа хүмүүсийн идэвх маш бага, хангалттай бус байна. Тиймээс ард иргэд өөрсдийн эрүүл мэндийн төлөө урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн багцын үзлэг шинжилгээнд хамрагдаж эрүүл мэндээ сахин хамгаалах иргэн хүний үүргээ биелүүлэх хэрэгтэйг уриалж байна.

- Хангалтгүй гэхээр яг хэдэн хувь нь?

- ЭМГ дээр урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалт хэр байгааг 2019 оны аравдугаар сарын байдлаар харахад илрүүлэг шинжилгээнд хамрагдсан нийт хүний тоо 1584, үзлэг шинжилгээ бүрэн дууссан хүний тоо 1230 байна. Харин 11 дүгээр сард энэ тоо бага зэрэг нэмэгдсэн байна. Бид хамрагдалтыг сайжруулахын тулд иргэдэд мэдээлэл түгээх, зөвхөн ЭМД-ын газар гэлтгүй эрүүл мэндийн байгууллагууд, төр захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Эс тэгвээс ард иргэд өөрсдийн эрүүл мэндийн төлөө төдийлөн идэвх санаачилга гаргахгүй байна.

- Хамгийн идэвх муутай хэсэг бүлэг гэвэл?

- Яг зориод ирж байгаа хүмүүс гэвэл 35-аас дээш насныхан байна. Гэхдээ бид 18-34, 35-аас дээш насны хүмүүсийг “Аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт багтсан халдварт болон халдварт бус өвчний урьдчилан сэргийлэх жилдээ нэг удаа бүх суманд болдог эрт илрүүлэг, багцын үзлэг шинжилгээ”-нд хамруулдаг. Аймгийн бүх сумыг дөрвөн бүсэд хуваагаад жилд дөрвөн удаа явж үзлэг шинжилгээ хийдэг. Бид ингэж хөдөө орон нутгаар явахдаа аль насныхан хамрагдах боломжтойг нь харгалзан хамруулахыг хичээдэг. Үүнд 18-34 насныхан, 35 болон түүнээс дээш насныхан бүгд хамрагдах боломжтой байдаг. Тэгэхээр энэ насныхан түлхүү хамрагддаг гэсэн үг.

- Харьяалал харгалзах уу? Тухайлбал Бэрх, Биндэр зэрэг суманд өөр сумын иргэд очоод хамрагдах боломжтой юу?

-Харьяалал харгалзахгүй. 18-аас дээш насны, ЭМДШ төлсөн, Монгол Улсын иргэн л бол хаана ч хамрагдах боломжтой. Манай аймгийн хүмүүс ч гэсэн Улаанбаатар хотод очоод III шатлалын багцын үзлэг шинжилгээ хийх эрхтэй эмнэлгүүдээр үйлчлүүлэх бүрэн боломжтой.

- Багцуудыг харж байхад нас насанд тодорхой өвчлөлүүдийн нэршлүүд байна. Тэгэхээр улсын хэмжээнд эдгээр өвчлөл өндөр байгаа юу? Манай аймагт байдал хэр байна вэ?

- Энэ нь ийм насанд ийм шинжилгээ өгүүлье гээд зүгээр л гаргасан зүйл биш. Манай улсын хэмжээнд 18-40 насанд ямар өвчлөл илүү давамгай байна вэ гэдгийг судалсны үндсэн дээр гаргасан багцууд байгаа. Манай аймгийн хувьд халдварт болон халдварт бус өвчлөл, амьсгал зүрх судас, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл тогтмол эхний гурван байрт байна. Мөн бөөр шээсний замын халдварт өвчин түлхүү буюу эдгээр өвчлөлүүд аймгийн хэмжээнд тогтмол эхний таван байрт бичигддэг. Харин нас баралтын шалтгаан бас арай өөр.

- Иргэн хүн шинжилгээгээ өгөхийн тулд ямар шат дараалалтайгаар хаана хандах вэ? Нэг дор энэ үйлчилгээгээ авах уу эсвэл нэлээн хэсэг хугацаанд эмнэлгээр явах уу? Хүмүүс их цаг зав муутай байдаг шүү дээ? 

- Ажлын өдрүүдэд өглөө 8.30 цагаас орой 16.30 цаг хүртэл тогтмол энэхүү багцын үзлэг шинжилгээг авч байгаа. Иргэд шинжилгээгээ өгөхдөө регистрийн дугаараа хэлээд л болно. Программ дээр регистрийн дугаарыг оруулж хэдэн настай хэний хэн, эрүүл мэндийн даатгалаа төлсөн эсэх зэрэг мэдээллийг шалгаад үзлэгт хамрагдах боломжтой эсэхийг тодруулж, хамруулна. Хамрагдах боломжгүй гэж гарсан хүмүүс заавал ЭМД-аа төлж байж хамрагдана.

- Иргэн бүх шинжилгээгээ нэг өдөр өгөх боломжтой юу?

- Нэгдсэн эмнэлгийн хоёр давхарт байгаа эмчийн үзлэг бүртгэлийн хэсэг гэсэн өрөөнд ирж регистрээ хэлж шалгуулаад хамрагдах боломжтой бол эмчдээ үндсэн мэдээллээ өгөөд биеийн ерөнхий үзлэгт хамрагдаж асуумжид хариулна. Дараа нь эмч нас насны багцын үзлэг шинжилгээнд зориулсан хуудас өгнө. Иргэний хуудсаа авч шинжилгээ авах хэсэгт очиж цусаа өгнө. Дараа нь рентген зураг авахуулна. Тэгэхээр зорьж ирсэн хүн өдөртөө л амжуулна.

- Иргэд энэ газруудаар үзүүлэхдээ зөвхөн энэ хуудасныхаа дагуу л шинжилгээгээ өгөх юм байна?

- Тийм ээ. Зөвхөн энэ хуудасны дагуу өөрт тохирох багцын шинжилгээнүүдийг өгөх газраа очиж өгнө. Цахимаар дугаар авна гэхгүй. Цахимаар дугаар авсан хүмүүсийн хажуугаар заавал багтаан үзэж байгаа. Байгууллага хамт олноороо урьдчилан цаг авч үзүүлэх боломжтой.

 

 

Холбоотой мэдээ