Д.Трамп, Си Жиньпин нар “Оны хүн”-д өрсөлдөж байна

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-10 12:31:47

НЬЮ-ЙОРК. /NBC/. Time” сэтгүүлээс жил бүр гаргадаг “Оны онцлох хүн”-д нэр дэвшиж буй хүмүүсийн жагсаалтад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар багтжээ.


Энэ төрөлд дөрөв дэх удаагаа нэр дэвшин өрсөлдөж буй Д.Трамп 2016 онд “Оны хүн”-ээр тодорч байсан юм. Энэ удаагийн нэр дэвшигчдийн жагсаалтад мөн Д.Трампын хувийн өмгөөлөгч Рудольф Жулиани, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси, “Facebook” нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукерберг, Шведийн идэвхтэн охин Грета Тунберг, Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн, АНУ-ын шигшээ багийн хагас хамгаалагч Меган Рапино нар багтжээ.


Үүнээс гадна сэжигтнүүдийг эх газрын Хятад руу шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг Хонконгийн эрх баригчид батлахыг зорьж байсныг эсэргүүцсэн жагсаал цуглаанд оролцсон хүмүүс энэхүү жагсаалтад оржээ. Энэхүү хуулийн төслийг эргүүлэн татсан хэдий ч оюутан залуусаас бүрдэх сөрөг хүчнийг дэмжигчид Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаанаа зогсоогоогүй юм.  


Time” сэтгүүл “Оны хүн”-ийг ирэх лхагва гарагт зарлах аж. “Time” сэтгүүл “Оны хүн”-ийг жил бүрийн 12 дугаар сард тодруулж, шалгарсан хүний зургийг сэтгүүлийн нүүрэнд байршуулдаг юм. Энэ төрөлд тодрох тодорхой шалгуурууд байдаггүй бөгөөд нэг жилийн хугацаанд эерэг, сөрөг үл хамааран нийгэмд илүү нөлөө үзүүлж чадсан хүн тодордог байна. 

Холбоотой мэдээ