А.Жанарбек: Баатарлаг туульст дурдагдсан зэвний 100 гаруй төрлөөс 17-г нь миний цуглуулгаас харж болно

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-12-10 21:43:25

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд сумны зэв цуглуулж, нүүдэлчдийн ахуй амьдрал, түүхийг судлах үйлсэд хувь нэмрээ оруулж яваа уулын спортын олон улсын хэмжээний мастер Ахбийн Жанарбектэй ярилцлаа. 


- Таныг нум сумны зэв цуглуулах хоббитой гэж сонслоо. Хэзээнээс ийм сонирхол төрөв?

- Миний аав Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Соёлын төвийн эрхлэгчээр олон жил ажиллаж байсан хүн. Тэрээр Соёлын төвдөө жижигхэн музей байгуулсан байлаа. Музей дотор нум сум, буу, дээр үеийн хувцас хунар, эдлэл, ан амьтдын тулам зэрэг олон үзмэр байсныг санаж байна. Хүүхэд байхдаа дахин дахин очиж үздэг байлаа. Харамсалтай нь 1990-ээд оны шилжилтийн үеийн санхүүгийн бэрхшээлийн улмаас тус Соёлын төв хаагдчихсан. Дотор нь байсан музейн үзмэрүүд ч хүмүүсийн гарт ороод алга болчихов. Дараа нь аав маань ч тэтгэвэртээ гараад явсан. Гэхдээ аавын байгуулсан тэр сумны музейг хадгалж үлдэхгүй яав, өргөжүүлэх хэрэгтэй байсан гэсэн бодол миний зүрх сэтгэлд хоногшоод үлдсэн юм. Эрийн цээнд хүрсний дараа ууланд авиралт хийж эхэллээ. Зах зээлийн нийгэмд шилжсэний дараа Монгол Улсыг зорин ирэх жуулчдын тоо ч нэмэгдэж эхлэв. Хамгийн сонирхолтой нь жуулчид манай ард түмний эртний түүх,  соёлын дурсгалууд, аж амьдрал, зан заншлыг ихээр сонирхдог нь анзаарагдсан. Иймээс Монгол орны өргөн уудам газар нутагт хадгалагдаж байгаа түүх соёлын олон дурсгалыг олж хүүхэд багачууд, олон нийтэд үүх түүхийг нь таниулах, сурталчлах хэрэгтэйг ойлгож эхэлсэн. Үүнээс хойш явсан газар болгоноос сумны зэв болон хутга, жад, зоос, морины тах зэргийг цуглуулж эхэлсэн. Энэ ажилд сүүлийн 20 жилийн амьдралаа зориулж байна.

-Таны цуглуулга дотор нэлээн тооны зэв харагдаж байна. Эдгээр зүйлсийн зориулалт болон нэр төрлүүдийн талар мэдээлэл өгөхгүй юу?

- Би өмнө нь зэвийг хадаас шиг нэг талдаа хурц үзүүртэй  зүйл гэж ойлгодог байлаа. Цуглуулж эхэлсний дараа маш олон төрөлтэй юм байна гэдгийг ойлгосон. Өвөг дээдэс маань зорилгоосоо хамаараад байлдааны, найр наадмын, ангийн зэрэг янз бүрийн зэв ашигладаг байжээ. Тухайлбал дайснаа эсвэл анг шууд хөнөөх зорилготой шовх хэлбэртэй хатгуурст зэв, хурц охор хошуутай хануур зэв, үзүүр тал нь тэгш цавчуур зэв, ац, сэрээ маягийн анга, ацат зэв, хөндлөн огтлолоороо чагталсан гурав буюу дөрвөн ир бүхий гурвалж, дөрвөлж хэлбэртэй тоонолж зэв, ирийг нь тусгайлан хатаасан хуяг нэвтлэх зэв зэрэг дотроо олон төрөлтэйг өөрийн цуглуулсан үзвэрүүд болон түүхийн бичвэрүүдийг судлах явцад олж мэдлээ. Мөн түр зуур ухаан алдуулдаг, эсвэл шархлуулдаг мухар үзүүртэй зэв ч байна.

- Одоо таны цуглуулгад хэчнээн зэв байгаа вэ?

- Одоогоор 50 орчим зэвний цуглуулгатай. Гэхдээ төрлийн хувьд харилцан адилгүй. Нүүдэлчин ард түмний баатарлаг туульст дурдагдсан зэвний 100 гаруй нэр төрлөөс 17-г нь миний цуглуулгаас харж болно. Цаашид бусад төрлийг нь олж цуглуулгаа баяжуулна гэж бодож байна. Мөн өөртөө байгаа зэв тус бүрийн хуулбарыг хийж, нумаар харваж үзэх замаар дээр үед яг ямар зориулалтаар ашиглаж байсныг, нэвтлэх хүчин чадлыг нь туршиж үзэхийг зорьж байна.

- Зэвнүүдийг манай орны аль газраас яаж цуглуулсан бэ?

- Миний хувьд зэвийг уулын орой, хормой, агуй, асгад хад зэрэг ил задгай газруудаас хайж олдог. Хүмүүсийн гараас худалдаж, гуйж авсан хэдэн зэв ч байна. Бараг бүгдийг нь Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс олсон. Би өөрөө уулын спортын тамирчин хүн. Цэнгэл, Сагсай, Улаанхус сумын нутаг дэвгэрт орших уулаар олон удаа явж, авиралт хийдэг болохоор эдгээр газраас нэлээн зэв олсон. Саяхан Өлгий сумын ИТХ-ын дарга Х.Даулетбек надад Дорноговь аймгийн Хатанбулаг гэдэг газраас олсон нэг ширхэг зэв өгсөн. Тухайн газрын хувьд их эзэн Чингис хаан Тангуд улсыг эзлэхээр явж байхад хатадын нэг нь өвдөж, нэгэн булгийн эхэнд үлдэн хэсэг хугацаанд амьдарсан гэсэн домог байдаг юм байна. Сонирхолтой нь тус зэв хэлбэр, хэмжээний хувьд Баян-Өлгий аймгаас олдсон зэвтэй туйлын адилхан байна.

- Та цуглуулгадаа 50 орчим зэвтэй гэж дээр хэллээ. Эдгээрийг хийсэн, эсвэл ашиглаж байсан цаг хугацааны тухай мэдээлэл байна уу?

- Хүрэл зэвсгийн үеэс үүдэлтэй хэдэн зэв байгаа. Бусад нь төмөр хийцтэй. Цаг хугацааны хувьд харилцан адилгүй. Төмөр зэвсгийн үеийн дурсгалууд ч байна. Би одоо цуглуулгаа баяжуулах талд түлхүү анхаарч байгаа. Тоо, төрөл нь нэмэгдсэний дараа шинжлэх ухааны талаас судлах ажилд орно гэж төлөвлөж сууна. 

Холбоотой мэдээ