Хөгжлийн бэрхшээлтэй 20 хүүхдэд 4,0 сая төгрөгийн хөнгөлөлт эдлүүллээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2019-12-10 18:18:34
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо (ХБХЭЭХ)-ноос судалгаа хийж, эцэг эхчүүдийг чадавхжуулсны үр дүнд ХХҮГ-т нөлөөлөл явуулж, хөгжлийн бэрхшээлтэй 20 хүүхдийн асран хамгаалагчид 4,0 сая төгрөгийн мөнгөн тусламж олгуулахаар болжээ.

Засгийн газрын 1997 оны 197 дугаар тогтоолоор баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”-ын хоёрдугаар зүйлийн 24-т “хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг цэцэрлэг, сургуульд  хүргэн өгч, авч байгаа түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчид Засгийн газраас тогтоосон хэмжээгээр мөнгөн тусламжийг жилд нэг удаа олгоно” хэмээн заажээ.

Гэхдээ энэхүү хөнгөлөлтийн талаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд мэддэггүй, мэдсэн ганц нэг нь ХХҮГ-аас асуухлаар “энэ заалт зөвхөн Улаанбаатарт л хэрэгждэг, санхүүжилт байхгүй” гэсэн хариултыг өгдөг байсныг ХБХЭЭХ-ны аймгийн тэргүүн Т.Батсайхан танилцууллаа.  

Тус байгууллагын хийсэн судалгаагаар Дундговь аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 246 хүүхэд байгаагийн 75 нь Сайнцагаан сумын харьяат. Тэдгээрийн 48 нь сургуульд, 9 хүүхэд цэцэрлэгт хамрагддаг бөгөөд 18 хүүхэд гэртээ хүмүүжиж байна.  

Мөн сургууль, цэцэрлэгийн багш нарын хувьд ХБХ-үүдтэй ажиллах ганцаарчилсан хөтөлбөр, төлөвлөгөө байхгүй учраас тэдэнтэй ажилладаг ур чадвар дутагдалтай байдаг ажээ. Тэр атугай зарим эцэг эхчүүдийн хувьд бие бялдар, оюун сэтгэхүйн хувьд онцлог эдгээр хүүхдүүдтэйгээ ажиллах, хөгжүүлэх чадвар дутмаг байдаг.

Тиймээс ХБХЭЭХ-ноос зөвлөх эцэг эхчүүдийг шаталсан урт хугацааны сургалтаар бэлтгэж байгаа бөгөөд Сайнцагаан сумын цэцэрлэгийн эрхлэгч нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй хэрхэн ажиллах заавар, зөвлөгөө авдаг болж байгаа аж.

Хөгжлийн бэрхшээлтэй эдгээр хүүхдүүд сургууль, цэцэрлэгт явахдаа унааны зардалд жилдээ нэг удаа 200,0 мянган төгрөгийн хөнгөлөлт авах ёстой гэдгээ мэддэггүйгээс журам батлагдсанаас хойш анх удаа энэ жил ийнхүү 20 хүүхэд дээрх хөнгөлөлтийг авч, эрхээ эдэллээ.

Харин дараа жилээс сургууль, цэцэрлэгт явдаг бүх хүүхдүүдийг энэ хөнгөлөлтөд хамруулахад тус холбооноос анхаарч ажиллахаа илэрхийлж байна. 

Холбоотой мэдээ