Ноолуурын эрэлт бий болгож, жигнэсэн мах экспортолно

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-12-10 16:02:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр МҮХАҮТ ОХУ-ын ХАҮТ-тай “Хамтран ажиллах хэлэлцээр” байгууллаа.

Мөн МҮХАҮТ, ОХУ-ын Москва хотын ХАҮТ хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг, Евразийн эдийн засгийн холбооны Ажил хэргийн зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичгийг тус тус байгуулсан юм.

Түүнчлэн Москва хотын ХАҮТ-ын бизнесийн нэгдсэн сайтаар дамжуулж бизнесийн санал солилцох, ОХУ-ын зах зээлд бизнес эрхлэх боломжууд нээх “Бизнес маркет” хамтын ажиллагааны платформ ашиглах хэлэлцээрт гарын үсэг зурлаа.


Хэлэлцээрийн дагуу цаашид ОХУ руу жигнэсэн махыг нэгдсэн бодлогоор гаргах, хойд хөршид ноолуурын эрэлтийг бий болгоход ОХУ-ын Худалдааны танхимтай хамтран ажиллахаар болов. Мөн шатахууны дутуу ачилтыг импортлогч нөхөн олгодог болох зохицуулалтын талаар талууд ярилцсан бөгөөд хоёр улсын компаниудын мэдээллийг орчуулж хуваалцдаг цахим талбар нээхээр болов.


Айлчлалын үеэр мөн хоёр орны бизнес эрхлэгчид хамтын ажиллагааны гэрээ хэлцлийг хийсэн юм. Тухайлбал Монгол Эмимпэкс концерн ОХУ-ын ЛАЗА Лабораторис компанитай нийт 500 мянган еврогийн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.


Холбоотой мэдээ