“Аавдаа хэлэх миний үг” захидал бичих уралдааны шилдгүүд тодорлоо

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-12-10 18:23:25

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд “Аавдаа хэлэх миний үг” сэдэвт захидал бичих уралдаан зохион байгуулжээ.

Тус захидлын уралдааныг “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы хүрээнд Ховд аймгийн ИТХ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Ухаалаг хөгжил” сургалтын төв хамтран зохион байгуулснаараа онцлогтой.

Уралдааны үндсэн үйл ажиллагаа 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн бөгөөд өнөөдөр шилдэг оролцогчдыг шагнаж урамшууллаа.

Энэхүү уралдаанд 300 гаруй сурагч захидал ирүүлжээ. Улмаар гурван үе шаттай дүгнэснээр 30 шилдэг захидлыг шалгаруулж, аавд нь хүүхдийн захидлыг гардуулан өгсөн юм.

Хүүхдүүд захидалдаа Аавдаа зориулсан сэтгэлийн үг, нандин дурсамж, үзэл бодол, хайраа шингээсэн бөгөөд өөрийн гараар хаягласан захидлаа ийнхүү аавдаа хүргэсэндээ баяртай байгаагаа илэрхийлж байлаа.  

“Аавдаа хэлэх миний үг” захидлын уралдаанд оролцогч хүүхдүүдийн аав нар захидалтай танилцсаныхаа дараа “Ойлгоё-хүндэлье-гэр бүлээ” уриан дор нээлттэй ярилцаж, харилцан санал солилцов.

Энэ үеэр хүүхэдтэйгээ хамт өнгөрүүлэх цаг хугацааг нэмэгдүүлэхэд анхаарах, хамтдаа дурсамж бүтээх, харилцан ярилцах, хүүхдийнхээ үзэл бодлыг сонсох, хүндэтгэх, сургууль бүрт аав нарыг оролцуулсан шинэлэг үйл ажиллагаа зохион байгуулах, сурагчдыг монгол уламжлал, ахуй орчинтой танилцуулах, захидлын уралдаанд оролцогчдын шилдэг захидлыг цахим орчноор дамжуулан олон нийтэд сурталчлах замаар эерэг хандлагыг түгээх зэрэг хэд хэдэн саналыг хэлж байлаа.

Энэхүү захидлын уралдаан нь хүүхдүүдийг аавдаа сэтгэлийн үгээ хэлэх боломж олгох замаар өөрийгөө илэрхийлэх чадварыг нэмэгдүүлэх, захидлын харилцааны соёлыг бий болгож, ач холбогдлыг нь ойлгуулахад чухал үр дүнтэй гэж зохион байгуулагчид онцоллоо. 

Холбоотой мэдээ