УИХ стратеги төлөвлөгөөгөө шинэчилнэ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-12-10 18:04:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, 2019-2024 оны “Стратегийн төлөвлөгөөг батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.


Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын 11 гишүүн санаачлан боловсруулж, энэ сарын 2-нд өргөн мэдүүлсэн. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, ажлын багийн дэд ахлагч Д.Лүндээжанцан танилцуулав. УИХ-ын стратеги төлөвлөгөөг анх 2002 онд баталсан бөгөөд таван зорилтын хүрээнд 54 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тэдгээрээс нэг арга хэмжээ бүрэн хэрэгжиж, 51 арга хэмжээ хэрэгжилтийн шатанд байна. Үүнээс 11 арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ.


УИХ-ын стратеги зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлээгүйгээс стратеги зорилтын хүрэх түвшин, үр дүн тодорхойгүй, үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлт оновчтой бус, хэрэгжүүлэх цаг хугацаа ойлгомжгүй, хэн хариуцаж, хэрэгжүүлэх нь тодорхой бус байгаа юм. Мөн стратеги төлвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн нөөцийг тооцоогүй, биелэлтийг тухай бүр тооцож, үнэлээгүйгээс ажил нь удааширсан зэрэг эрсдэл үүссэн тул Стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ.


УИХ-ын шинэчилсэн Стратеги төлөвлөгөөнд УИХ-ын Алсын хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйлсийг тодорхойлсон байна. Уг стратеги төлөвлөгөө нь зургаан зорилго, 11 зорилт, 68 арга хэмжээнээс бүрджээ.  


УИХ-ын Стратеги төлөвлөгөөний төсөлд, УИХ-ын Алсын харааг, "Үндсэн хууль, ардчилсан ёс, хүний эрх, нийтлэг үнэт зүйлс, үндэснийхээ эрх ашгийг дээдэлж, тогтвортой хөгжлийг дэмжин, ард түмний засаглах эрхийг хангасан парламентыг төлөвшүүлнэ" гэжээ. Харин УИХ-ын Эрхэм зорилгыг, “УИХ нь хууль тогтоох, хянан шалгах үндсэн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлдэг, ард түмний төлөөллийг хангаж, итгэлийг хүлээсэн хариуцлагатай парламент байна” хэмээн томьёолжээ. Түүнчлэн УИХ-ын үнэт зүйлсийг, нээлттэй, ил тод байх, тэгш байдлыг хангах, хариуцлагатай байх, ёс зүйтэй байх, үр нөлөөтэй байх, чадавхтай байх, иргэдийн оролцоог хангах, хамтын шийдвэрээ хүндэтгэх хэмээн тодорхойлжээ.


Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. Имйд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр тогтлоо.

Холбоотой мэдээ