1.1 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчил илэрчээ

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2019-12-11 10:18:44
Munkhbaatar Sambuu

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ, Татварын ерөнхий газартай хамтарсан шалгалтаар, татвараас зайлсхийсэн 1.1 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлэв. 


АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь мэдүүлэг гаргагч нийтийн албан тушаалтнуудын хууль бус, нуугдмал орлогыг илрүүлэх чиглэлээр татварын байгууллагатай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд ХОМ гаргагчдын мэдүүлсэн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого нь үнэн бодит эсэх, хувь эзэмшдэг хуулийн этгээд, аж ахуйн нэгжүүд нь татварын байгууллагад тайлан, мэдээг үнэн зөв мэдүүлсэн эсэхийг шалгахаар ажиллажээ. Ингэхдээ, нэр бүхий 9 мэдүүлэг гаргагч, тэдгээрийн үүсгэн байгуулсан, хувь эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын ажилд Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн татварын хэлтсийн иж бүрэн хяналт шалгалт явуулж компанийн санхүү, татварын тайлан тэнцэл, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, банк дахь харилцах дансны хуулга, гэрээ бүртгэл тооцоо зэрэг анхан шатны санхүүгийн баримтыг хянан шалгасан байна.


Шалгалтаар Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон Татварын ерөнхий хуулийг зөрчсөн 1.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Тиймээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Татварын ерөнхий хуульд заасныг үндэслэн нийт гурван иргэн, дөрвөн аж ахуйн нэгж, байгууллагад 71 сая төгрөгийн төлбөр ногдуулсан байна.


Мөн уг хяналт шалгалтаар орлого, хөрөнгөө худал мэдүүлсэн гурван мэдүүлэг гаргагчид Авлигын эсрэг хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлж, биелэлтийг хянан ажиллаж байна.


Авлигатай тэмцэх газар цаашид албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгт мэдүүлсэн орлого нь үнэн бодит эсэх, татвараас зайлсхийсэн үндэслэл байгаа эсэх, орлого олсон бол тайлангаа хуулийн хугацаанд үнэн зөв тодорхойлон төлөх үүргийн хэрэгжилтийг хангуулах, цаашид хууль бус, нуугдмал орлогыг илрүүлэх, татвараас зайлсхийсэн зөрчилд хариуцлага тооцуулах чиглэлээр татварын албадтай хамтран ажиллана. 

Холбоотой мэдээ