БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Сан Франциско хотын монголчуудтай уулзав

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-12-11 10:37:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг АНУ-ын Сан Франциско хотын Бэй Аэриагийн Монголчуудын холбооны удирдлагууд, иргэдтэй чөлөөт уулзалт хийлээ.


Уулзалтаар, тус холбооны үйл ажиллагаа, монгол хүүхэд багачуудад зориулсан сургалт, соёл, урлагийн олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов.


БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Бэй Аэриагийн Монголчуудын холбооны хүүхэд багачуудад чиглэн хэрэгжүүлж буй сургалтыг сайшаан, Монгол Улсын ерөнхий боловсролын I-VI ангийн монгол хэлний сурах бичгийг гардуулан өгч, цаашид сурах бичгээр хангаж ажиллахаа илэрхийлэв.


Монгол Улсын Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, Гадаад харилцааны яамнаас зохион байгуулдаг “Миний Монгол наадам”-д тус холбоо жил бүр амжилттай оролцож ирсэн бөгөөд 2019 онд дэд байр байрт шалгарсныг батламжилсан батламжийг гардуулж өгөв.


Мөн АНУ-д сурч, амьдарч байгаа иргэдийн хүүхэд багачуудад Монгол үндэстний өв, соёлыг танин мэдүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа морин хуурын багш Б.Нямдоржийг Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Жуух бичгээр шагнасан байна.


Холбоотой мэдээ