Хөлөг онгоцны бүртгэлийг Далайн захиргааны газар хариуцна

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-12-11 15:26:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 


Хуулийн төсөлд хөлөг онгоцны зориулалтаас хамааран олон улсын жишигт нийцсэн шаардлагуудыг тусгаж өгсөн шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавих эрх, үүрэг бүхий Далбааны эзэн улсын хяналт, хянан шалгагчийн зохицуулалтыг шинээр тусгажээ. Мөн хөлөг онгоцонд техникийн үзлэг шалгалт хийж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий Монгол Улсын хүлээн зөвшөөрсөн олон улсын байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих, томилох харилцаа, хөлөг онгоцны баг, ахмадад тавигдах шаардлага, ээлжийн ажиллагаа болон чиг үүргийг нарийвчлан олон улсын гэрээ конвенцид нийцүүлсэн байна. Өмнө нь Монгол Улсын төрийн далбаа байрлуулах хөлөг онгоцны бүртгэлийг Сингапурт байрлах хамтарсан компани хариуцаж байсан бол шинэ төсөлд бүртгэлийг Далайн захиргааны газарт хариуцахаар тусгажээ.


Хуулийн төслийг байнгын хороон гишүүдийн олонх дэмжиж, санал, дүгнэлтээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Холбоотой мэдээ