Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжив

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-12-11 15:33:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.


УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн өргөн мэдүүлсэн уг хуулийн төслөөр шинээр үүсгэн байгуулсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургыг ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд ус хангамж, ариутгах татуургын улсын байцаагчийн эрх олгохоор зохицуулжээ. Ингэснээр, хуулийн хэрэгжилтийг хангуулах, хариуцлагын механизмыг бүрдүүлэхийн сацуу хүн амын эрүүл, аюулгүй амьдрах, орчны бохирдлоос хамгалаагдах эрхийг хангах, төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, хариуцлагатай хүргэх боломж бүрдэнэ  хэмээн хууль санаачлагч үзэж буй юм.


Сүүлийн үед ус хангамжийн болон усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд зөвшөөрөлгүй барилга барих, аж ахуй эрхлэх, байгаль орчин, усны эх үүсвэрийг бохирдуулах зэрэг зөрчил газар авсан. Иймээсдээрх зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг таслан зогсоох, хүлээлгэх хариуцлагыг чангатгах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай байгаа юм.


Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд, ажлын багаас зарчмын зөрүүтэй санал гараагүй. Тиймээс анхны хэлэлцүүлгээр батлах саналыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр гаргаж, олонх дэмжив. Уг асуудлыг энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж буй юм.

Холбоотой мэдээ