Н.Оюунчимэг: Богд уулын амыг менежментийн концессоор хамгааллыг сайжруулах боломжтой

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2019-12-11 16:00:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Газрыг замбраагүй олгосноор суурьшлын олон бүс бий болж тэлсэн Богд уулын зарим амыг менежментийн концессоор өгөх замаар хамгааллыг сайжруулах боломж байна.

Энэ талаар МУИС-ийн номын санд өчигдөр болсон “Хот-хүрээлэн буй орчин-2019” зөвлөлдөх уулзалтаар хөндсөн юм. Энэ талаар дээрх зөвлөлдөх уулзалтад Тусгай хамгаалтын газар нутаг (ТХГН)-ийн менежментийн талаар илтгэл тавьсан МУИС-ийн багш, доктор Н.Оюунчимэгээс тодруулав.


-ТХГН-ийн суурьшлын газруудыг ямар аргаар шийдэхээр байна вэ? Эрхзүйн байдлаар уу, эсвэл “тусгай” зохицуулалтаар уу?

-Богд хаан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газраас гадна орон нутгийн хамгаалтын газар зуслангийн айлууд суурьшсан зэрэг шийдэх зүйл олон. Хууль эрхзүйгээс наана, өөр аргаар хэрэгжүүлж шийдэхээр олон ажил бий. Хот орчмын ТХГН-т оролцооны менежентийг хэрэгжүүлэх боломж байна. Тухайлбал, Богд уулын зарим амыг менежментийн концессоор өгөх замаар хамгааллыг сайжруулах юм.

Энэ бол урт хугацаанд хэрэгжүүлэх шийдэл. Богино хугацаанд нэгэнтээ аялал жуулчлалын баазууд бий болсныг аялал жуулчлалын маршрутыг тодорхойлж, ариун цэврийн байгууламжийг сайжруулах зэрэг стандартыг хэрэгжүүлэх юм. Менежмент хийхдээ ландшафт, экосистемийн онцлог, уур амьсгалын өөрчлөлтийг тооцон, хөгжлийн боломж, хандлагыг харгалзан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж өгөх шаардлагатай байна гэв.

“Хот-хүрээлэн буй орчин-2019” зөвлөлдөх уулзалтаар мөн агаарын бохирдлыг бууруулах шийдэл, усны нөөцийг хамгаалах, ногоон байгууламж, хот орчмын экосистемийг тогтоож боловсронгуй болгох зэргийг хөндсөн юм.


Агаарын бохирдлыг бууруулах талаар МУИС-ийн дэд профессор Ч.Сономдагва тавьсан илтгэлдээ, “Жилээс жилд нэмэгдэж, өмнөх жилүүдэд 30 дахин өсөөд байсан агаарын бохирдол энэ жилээс буурсныг эерэг үзүүлэлт гэж үзэж байгаа. Гэхдээ бууралт хангалтгүй байгаа. Цаашид улам бууруулж байж хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь багасна.

Одоо автомашины утааг анхаарах нь чухал байна. Учир нь тээврийн хэрэгслээс 200 төрлийн бохирдуулагч бодис ялгарч жилийн 4 улирал агаарын бохирдолд хүчтэй нөлөөлж байдаг. Ялангуяа өвөл машиныг асаах хугацаа уртасдаг. Автомашинаас нөлөөлж агаарын бохирдлыг бууруулах арга нь сайн чанарын түлш хэрэглэж, машины бүрэн байдлыг хангах чухал байна” гэдгийг онцолж байв.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ