Улаанбаатар хотын цэвэр агаар төсөлд 12 сая ам.доллар зарцуулна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-12-11 18:07:15
Munkhbaatar Sambuu

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Улаанбаатар хотын цэвэр агаар” төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөв.


Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр -ийн төслийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцууав. 


“Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл” нь Дэлхийн банкны 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2012 оноос хэрэгжиж байна. Төсөл хэрэгжих хугацаанд гэр хорооллын айл өрхийн галлагаанаас үүдэлтэй нарийн ширхэгт тоосонцрыг багасгах зорилгоор богино хугацаат арга хэмжээнг авч хэрэгжүүлж, тодорхой ахиц дэвшил гаргасан. Төслийн хэрэгжилтийн хугацаанд сайн үр нөлөө үзүүлсэн арга хэмжээг өргөтгөн, цар хүрээ болон ашиг хүртэгсдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-д Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас 12 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн нэмэлт, санхүүжилт олгохоор харилцан тохироод байгааг хууль санаачлагч илтгэлдээ дурдав. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил, зээлийн хүү  жилийн 1.25 хувь  байх аж.


Мөн энэ асуудлыг хэлэлцээд зөвшилцөхийг дэмжсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн  Т.Аюурсайхан танилцуулсан юм.


Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ундраа, Д.Лүндээжанцан, С.Батболд, Ж.Энхбаяр нар төслийн нэмэлт санхүүжилтийн хөрөнгийг үр өгөөжтэй хэрэгжүүлэх, хөрөнгийг тарамдуулахгүйгээр байршлыг оновчтой сонгоход хэрхэн анхаарсан, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах чиглэлээр цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар ажлын багаас тодруулав. 


Төслийн эхний шат буюу 2013-2015 онд гэр хорооллын 40 мянга гаруй айлд бүрэн шаталтат сайжруулсан зуух ашиглах санхүүгийн дэмжлэг үзүүлснээр, нарийн ширхэгт тоосонцрыг 20 орчим хувиар бууруулсан. Зуух туршилтын лаборатори, Зуух хөгжлийн төвийг байгуулахад ШУТИС-тай хамтран ажилласнаар дотооддоо бүрэн шаталттай, сайжруулсан зуух үйлдвэрлэх боломжийг бүрдүүлээд байна. Ингэснээр импортын зуухыг орлох боломжтой болж, ажлын байрыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн гэсэн хариултыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан өгөв. Мөн  2016-2019 онд нийслэлийн зургаан дүүргийн есөн цэцэрлэгийн барилгын дулаан алдагдлыг багасгаж, засвар шинэчлэлт хийсний зэрэгцээ гэр хорооллын 474 айл өрхийн байшин-сууцны дулаан алдагдал, түлшний хэрэглээг багасгахад чиглэсэн “Дулаалга аян”-ыг зохион байгуулсан. Айл өрхийн байшин-сууцыг дулаалснаар өрхийн түлшний хэрэглээг дунджаар 50 хүртэл хувиар хэмнэсэн гэдгийг тэрбээр хэллээ. 


Төслийн нэмэлт санхүүжилтийн хүрээнд нийслэлийн 5 дүүргийн 35 хорооны зорилтот бүлгийн 5000 айл өрхийг шөнийн хөнгөлөлттэй тарифын үед дулааны хуримтлал үүсгэж халаалтын асуудлаа бүрэн шийдэх цахилгаан халаагуураар хангах, мөн төвийн дэд бүтцээс алслагдсан хэсгийн 200 айл өрхийн цэвэр, бохир ус, дулаанаар бүрэн хангах бие даасан дэд бүтцийн төвтэй болгох замаар дулааны асуудлыг нь бүрэн шийдэхээр урьдчилсан байдлаар тохироод байгаа аж. Ийм дэд бүтцийн анхны төвийг Чингэлтэй дүүргийн долоодугаар хороонд энэ жил байгуулж, 300 шахам айлыг цэвэр, бохир ус, дулааны эх үүсвэр бүхий дэд бүтцээр хангасан байна.


Хэлэлцүүлгийн явцад гишүүдээс гаргасан санал, байр суурийг харгалзан үзэж, төслийн нэмэлт санхүүжилтийг тарамдуулахгүйгээр байршлыг оновчтой шийдэж зорилтот газарт төвлөрүүлэх, төслийн нэгжийн зардлыг эргэж харах гэсэн тодорхой нөхцөлтэйгээр төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг зөвшилцөх нь зүйтэй гэж үзэж буйгаа Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан эцэст нь хэллээ.  


Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.7 хувь нь хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжиж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгох нь зүйтэй гэж үзэв. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.

Холбоотой мэдээ