Инновацын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-12-11 18:04:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд инновацын тогтолцоо, дэд бүтэц, үйл ажиллагаатай холбоотой зарим нэр томьёог агуулгын хувьд шинэчлэн тусгасан байна. Түүнчлэн гарааны буюу зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлж эхлээгүй байгаа компаниуд олон нийтээс хөрөнгө босгох, хувьцаагаа хөрөнгийн биржээс гадуур арилжих боломжийг бүрдүүлэх зэргээр хувийн хэвшлийг дэмжих төрийн бодлогыг хөгжүүлэх талаар заалт оруулжээ.


Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багаас гарааны бизнес эрхлэгч болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн салбарт ажилладаг аж ахуйн нэгжийг төрөөс татварын бодлогоор дэмжих, бүртгэх журмыг Засгийн газар батлах зарчмын зөрүүтэй санал гаргажээ. Мөн технологи дамжуулах төв, хамтын оффис байгуулах зөвшөөрлийг орон нутагт аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр олгох санал гаргасан байна.


Дээрх саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, санал, дүгнэлтээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Холбоотой мэдээ