Н.Номтойбаяр: Намайг ор үндэслэлгүй гүтгэж байна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-12-12 15:10:06
Munkhbaatar Sambuu

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монгол Улсад 3.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэргээр АТГ-ын мөрдөгч буруу тогтоол гаргаж намайг яллагдагчаар татсан", "Г.Батхүү агсны амь хохирсон хэргээр ташаа мэдүүлэг өгсөн гэж хуулийн байгууллагад яллагдагчаар татагдсан" хэмээн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр мэдээлэв. 


Тэрбээр, "АТГ-аас намайг яллагдагчаар татсан тогтоолд, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ХНХ-ын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа, Засгийн газраас баталсан  276 дугаар тогтоолд тусгасан "нэг төсөлд 5 сая төгрөг хүртэлх" гэснийг зөрчсөн гэсэн Сангийн яамны улсын ахлах байцаагч н.Янжинсүрэнгийн албан шаардлагад үндэслэсэн хэмээсэн байна.  Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед иргэдэд таван сая төгрөг хүртэлх зээл олгох дээрх тогтоолыг баталж журмаар зохицуулсан. Гэтэл тус тогтоолд үндэслэн Ж.Эрдэнэбатын Засгийн газар 121 дүгээр тогтоолыг баталсан. Үүнд орон нутаг, нийслэлийн онцлогт нийцүүлсэн төсөлд огт хамаарахгүй гэж заасан. Гэтэл АТГ-ын мөрдөгч, Сангийн яамны байцаагч хуулийн зүйл, заалтыг хольж дүгнэлт гаргажээ. Ингэхдээ, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас төслүүдийг эргэн төлөлтгүй хэрэгжүүлэхээр шийдвэрлэж улсад 3.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэсэн байна. Уг нь хоёр жилийн хугацаатай эргэн төлөгдөх зохицуулалттай юм. Гэтэл төсөл сонгон шалгаруулаагүй, хуурамч хурлын тэмдэглэл бичиж шийдвэр гаргасан, бүлэглэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, найман этгээдэд давуу байдал бий болгосон гэж яллагдагчаар татах тогтоолд тусгажээ. Тухайн тогтоолд нэр дурдагдсан хүмүүстэй зохион байгуулалттай хэрэг үйлдээгүй. АТГ-ын тогтоол ор үндэслэлгүй намайг гүтгэсэн. Нотлох баримтууд бүгд надад бий. Хуулийн байгууллага дутуу ажилласан. АТГ-ын ур чадварын асуудал уу, улс төр байсан уу гэдэг нь цаг хугацааны явцад илэрнэ" хэмээв. 


Мэдээллийнхээ дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав. 


-Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваад нөлөөлж үүрэг чиглэл өгсөн үү?

-Зохион байгуулалттай гээд байгаа зүйл огт байхгүй. Сайд тушаал ч гаргахгүй. Хэрэгжүүлэгч агентлагийн дарга нь сонгон шалгаруулах комисс томилж, тухайн комисс нь шалгаруулсан. Дараа нь би баталгаажуулсан. 


-Таны жолооч хар тамхины хэрэгт холбогдсон гэх мэдээлэл байна?

-ХНХЯ-нд ажиллаж байгаад халагдсан жолооч хар тамхи тээвэрлэж яваад баригдаж, ял авсан байна билээ. Миний жолооч байхдаа биш, дараа нь ийм хэрэг болсон. 


-Таныг Г.Батхүү агсны амь нас хохирсон хэрэгт яллагдагчаар татагдсан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллээр гараад байна. Энэ талаар тайлбар өгнө үү?

-Тус хэрэгт миний бие яллагдагчаар татагдаагүй. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд 22 мэдээллийн хэрэгсэл, 195 "IP" хаягнаас намайг  Г.Батхүү агсны хэрэгт холбогдуулж мэдээлэл цацсан байна билээ. Хэрэгт ажиллаж байгаа прокурортой албан ёсоор уулзсан. Энэ хэрэгт холбогдуулан одоогоор хэнийг ч яллагдагчаар татаагүй байгааг дуулгасан. Миний бие энэ хэргээр гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн. Гэтэл намайг хоёр удаад нь худал мэдүүлэг өгсөн гэж яллагдагчаар татсан байна билээ. Учир нь манай өрөөнд архи уусан байхад, уугаагүй гэж зориуд худал мэдүүлсэн гэсэн. Талийгаач манай өрөөнд архи уугаагүй, ходоодноос нь олдсон архи миний өрөөнд байсан архитай ижил байсан эсэхийг шалгаагүй байна. Харин шүүх шинжилгээний дүгнэлтээр тархинд цус харвасан гэсэн байна билээ. Шүүх шинжилгээний дүгнэлт УИХ-д ч ирсэн. 

Нийт 200 хүн гэрчийн мэдүүлэг өгсөн. Хамгийн сүүлд талийгаачтай уулзсан хүн нь намайг гэж хэлсэн. Яллагдагчаар татсан асуудал нь талийгаачийн амь насаа алдсантай холбоогүй. Намайг худал мэдүүлэг өгсөн гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан юм. 

Холбоотой мэдээ