Үндэсний номын баярын өдрийг нийтээр тэмдэглэхээр хуульчилна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-12-12 17:40:03
Munkhbaatar Sambuu

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон нийтийг соён гэгээрүүлэх, ном уншдаг соёлыг дэлгэрүүлэх зорилгоор Үндэсний номын баярын өдрийг хуульчлах нь чухал ач холбогдолтойд зохиолч, судлаачид санал нэгдэв. 


УИХ-ын гишүүн  Г.Занданшатар, А.Ундраа нарын санаачлан боловсруулж буй Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордонд өнөөдөр болсон юм. Ингэснээр нийтээр амрах өдрийн тоонд өөрчлөлт орохгүйгээр жил бүрийн тавдугаар болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрийг Үндэсний номын өдөр болгон тэмдэглэж байхаар төсөлд тусгажээ.


Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн А.Ундраа, Б.Саранчимэг болон Монголын зохиолчдын эвлэл, Монголын орчуулагчдын эвлэл, Монголын номын сангийн холбоо, хэвлэлийн газар, зохиолч, судлаач, эрдэмтэд, оюутан залуусын төлөөлөл болсон 80 гаруй хүн оролцов.



Хэлэлцүүлэгт оролцогчид утга зохиол, хэл, соёлын салбарын хөгжилд нэгдсэн бодлого дутагдаж байгааг хэлж байлаа. Хэдийгээр энэ удаад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Үндэсний номын баярын өдөртэй болох асуудлыг хөндөж байгаа ч үүний цаана хэл соёлоо түгээн дэлгэрүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, үндэсний уламжлал, танин мэдэхүй, зохиолчдын уран бүтээлийг олон улсад сурталчлах зэрэг олон асуудлыг төрийн бодлого, дэмжлэгтэйгээр шийдвэрлэх шаардлага зайлшгүй байгааг тэд хөндсөн юм.


“Номын соёлт ертөнц” ТББ хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулж байна. Тус байгууллагаас санаачлан Үндэсний номын баярыг жил бүрийн тав болон есдүгээр сард зохион байгуулдаг бөгөөд өдгөө 13 дахь жилтэйгээ золгож буй. Энэ хугацаанд олон бэрхшээлтэй тулгарсны хамгийн энгийн жишээ нь өдөрлөг зохион байгуулах газрын зөвшөөрөл байжээ. 13 жилийн хугацаанд долоон удаа бууриа сэлгэсэн бөгөөд хамгийн тохиромжтой, уншигчдад хүртээмжтэй байдаг газар нь жанжин Д.Сүхбаатарын талбай аж.



Дэлхийн хэвлэн нийтлэх зах зээлд 814 мянган хэвлэлийн компани байдаг. Энд жилд 103 тэрбум ам.доллар эргэлддэг том зах зээл юм. Мөн 64 хувь нь цаасан хэвлэл, 36 хувь нь е-book, audio book зэрэг бусад хэлбэрийн бүтээлүүд байдаг байна. Дэлхийн нийт номын 28 хувийг БНХАУ жилд дангаараа хэвлэдэг бол АНУ 20 хувийг хэвлэдэг гэсэн судалгаа байдаг.



БНХАУ-д жилдээ 470 мянга, АНУ-д 379 мянган шинэ нэр төрлийн ном хэвлэгддэг. Харин Монгол Улсын хувьд өнөөдрийн байдлаар, 40 хэвлэлийн компани бүртгэлтэй байна. Жилд 87 тэрбум орчим төгрөгийн бүтээгдэхүүн хэвлэдэг. Үүнээс 27.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг байна. Энэ салбар 4000 орчим хүнийг ажлын байраар хангадаг. Жилдээ 15 мянган нэр төрлийн ном зах зээл дээр идэвхтэй худалддагаас жилд дунджаар 600 гаруй нэр төрлийн ном шинээр зах зээлд гардаг гэдгийг “Тагтаа” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, утга зохиолын орчуулагч Б.Баясгалан илтгэлдээ дурдав.



Олон улсад соёлд суурилсан “зөөлөн хүчний” бодлого хүчтэй өрнөж эхэлсэн энэ цаг үед манай улсад ч ийм бодлого байх шаардлагатай. Үндэсний номын баярын өдрөөр зохиолчид өөрсдийн бүтээлийг хямдралтай үнээр худалддаг арилжааны үйл ажиллагааг явуулахаас илүүтэй Яармагийн соёлыг нэвтрүүлж, үндэсний утга зохиолын салбараа хөгжүүлэх, соёлын дархлаагаа бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ болгох хэрэгтэй. Цаашдаа төрөөс ном, соёлын салбарт баримтлах урт хугацааны хөгжлийн бодлогыг гаргаж, бие даасан хууль эрх зүйн орчинтой болохыг хүсэж буйгаа хэлэлцүүлэгт оролцогчид хэллээ.

Холбоотой мэдээ