Д.Рэгдэл: Шинжлэх ухааныг Монголын онцлогт тааруулах гэнэн мөрөөдлөө орхих хэрэгтэй

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-12-12 16:06:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Мэдээлэл технологийн хувьслаар өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцөд хамгийн гүн гүнзгий, эргэлт буцалтгүй даяаршиж буй нь салбар (сегмент) нь шинжлэх ухаан болоод байна.

Судалгаа, шинжилгээний үндсэн обьект, уулзах цэг нь дэлхий даяар адилхан болоод байна” гэдгийг ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл өнөөдөр “Новотел” зочид буудалд болсон Монголын Залуу эрдэмтэн, судлаачдын Үндэсний 6 дугаар чуулган нээлт дээр онцоллоо.

Тэрээр, “Монгол хэдийгээр хүн ам цөөтэй, жижиг улс боловч, Монголд том шинжлэх ухаан байх нөхцөлд л шинжлэх ухаан жинхэнэ утгаараа оршин тогтнож, тогтвортой хөгжих боломжтой. Иймийн тул бид шинжлэх ухааныг Монголын онцлогт тааруулах тухай гэнэн мөрөөдлөө орхиж, шинжлэх ухаанд Монголын онцлогийг харгалзуулах зөв арга замын эрэлд хүчээ нэгтгэх цаг нэгэнт болоод байна” гэж тэмдэглэсэн юм.

Монголын Залуу эрдэмтдийн холбооноос санаачлан дөрвөн жил тутамд зохион байгуулдаг чуулга, уулзалт энэ удаа “Тогтвортой хөгжлийн төлөөх дэвшилтэт шинжлэх ухаан” уриан дор болж, нийслэл, хөдөө орон нутгийг хамарсан салбар холбоодын төлөөлөл залуу эрдэмтэн судлаачид, багш нар, хамтран ажиллагч бизнесийн салбарын төлөөлөл, бодлого тодорхойлогч холбогдох яамдын 300 гаруй төлөөлөгч оролцлоо.  

Өнөөдрийн чуулганаар манай эрдэмтэн судлаачдын инновацад суурилсан олон шинэ технологи, бүтээгдэхүүнийг танилцуулсан юм. Мөн, шинжлэх ухааны аялал жуулчлалыг хөгжүүлэх нь эдийн засагт хувь нэмэртэй талаар Монголын Залуу эрдэмтдийн холбооны ерөнхийлөгч, доктор Д.Баттогтох хөндөж байв. Энэ талаар тэрээр, “Манай эрдэмтэд судалгаа хийнгээ гадаад, дотоодын жуулчдыг авч яван Монгол орны байгалийн онгон байдал, төрөл зүйл, геологи-газарзүйн тогтоц зэрэг үзэгдлийг шинжлэх ухааны талаас тайлбарлаж байх боломжтой” гэв.


Өнгөрсөн хугацаанд манай улсын эрдэмтэд дэлхийн нэр хүнд бүхий сэтгүүлүүдэд 26 өгүүлэл хэвлүүлээд байгаа талаар чуулганы үеэр дуулдаж байлаа. Үүнийг манай эрдэмтэн судлаачдын бүтээл олон улсын түвшинд хүрснийг үнэлж буй хэрэг, одоо харин Монголын эрдэмтэд тэр бүтээлүүдээ амьдралд хэрэгжүүлэх шаардлагатай байна гэдгийг чуулганд оролцогчид онцолж байлаа.

“Шинжлэх ухааны мэдлэг, мэдээлэл, туршлага нь бүх нийтэд хүртээмжтэй, түүний ашиг тусыг оролцогч тал бүр хүртэх, дэвшилтэт шинжлэх ухааныг (advancing science) хөгжүүлэх замаар нийгэмд шинжлэх ухааны боловсрол (scientific education), чадавхыг хөгжүүлэх (capacity development) улмаар тогтвортой (sustainability), хүртээмжтэй (inclusive) хөгжлийг бий болгоход оршиж байна гэдэг сэдвийг чуулганаар түлхүү хөндлөө.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ