Агаарын тээврийн орлого 14 хувиар өсжээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
nandintsetseg@montsame.gov.mn
2019-12-12 17:57:19
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оны эхний 11 сард агаарын тээврээр тээсэн ачаа 5.3 мянган тонн болж өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар өслөө. Дотоодод тээсэн ачаа өмнөх оны мөн үеэс 22.8 хувиар буурч олон улсад тээсэн ачаа 1.1 хувиар өссөн бөгөөд салбарын орлого 468.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар өсжээ.


Эхний 11 сард агаарын тээврээр давхардсан тоогоор 1.5 сая хүн зорчсон нь өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Орон нутагт зорчигчийн тоо 8.9 хувиар өсөхөд Даланзадгад чиглэлийн зорчигчид 4.1 дахин, Овоот чиглэлийн зорчигчид 51.4 хувь, Алтай чиглэлийн зорчигчид 56.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.


Харин олон улсад зорчигчид оны эхний 11 сард 1.1 сая хүн болж, өмнөх оны мөн үеэс 16.4 хувиар өсжээ. Энэхүү өсөлтөд Улаанбаатар Хайлаар чиглэлийн зорчигчид 4.9 дахин, Улаанбаатар-Эрээн чиглэлийн зорчигчид 3 дахин, Улаанбаатар-Улаан-Үүд чиглэлийн зорчигчид 58.9 хувь, Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн зорчигчид 39 хувь, Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчид 6.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Холбоотой мэдээ