“Жендерийн дүн шинжилгээ хийх нь” чуулга уулзалт Дундговь аймагт эхэллээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2019-12-12 20:27:26
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Жендерийн тэгш байдлыг хангах мэргэжилтэн, манлайлагчдын хоёрдугаар чуулга уулзалт “Жендерийн дүн шинжилгээ хийх нь” сэдвийн дор Дундговь аймгийн Мандалговь хотноо болж байна.

Энэ сарын 11-14-нд болох энэхүү чуулга уулзалтад ЗГХЭГ, Төрийн албаны зөвлөл, Сангийн яам, УУХҮЯ, БОАЖЯ, Үндэсний хөгжлийн газар, Ашигт малтмал газрын тосны газар, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, Удирдлагын академи  болон Дорнод, Дундговь, Сүхбаатар, Төв аймгийн төлөөлөгчид, Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь төслийн багийнхан оролцож байна.

Тус чуулга уулзалтаар МЕРИТ төслийн зорилтот агентлагууд болон аймгууд 2019 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа танилцуулж, туршлагаа хуваалцсан бөгөөд Жендерийн клубийн алсын хараа, 2020 оны зорилгоо тодорхойлж, хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа төлөвлөх ажээ.

Жендерийн клубийн 2019 оны орон нутгийн зохицуулагчаар ажилласан Дорнод аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга О.Байгальмаагаас тус чуулга уулзалтын зорилго, үр дүнгийн талаар дараах тодруулга авлаа.

О.Байгальмаа: MERIT төслийн хүрээнд зорилтот агентлаг, зорилтот аймгуудын төрийн байгууллагуудын бодлого, шийдвэрийг жендерийн мэдрэмжтэй болгох зорилт хэрэгждэг. Энэхүү зорилтынхоо хүрээнд жендерийн талаарх ойлголт, мэдлэг, ур чадварыг нь нэмэгдүүлэх үйл ажиллагааг шат дараатайгаар зохион байгуулдаг.

Энэ хүмүүсээ чадавхжуулах сайн дурын “Жендерийн клуб” ажилладаг. Энэ клуб сар тутам тогтмол өөрөө өөрсдийгөө чадавхжуулж, энэ чадвараа өөрийнхөө гаргаж байгаа бодлого шийдвэрт хэрэгжүүлдэг.

Клубийн чадавхжуулах үйл ажиллагаа нь цахимаар болон албан уулзалт хэлбэрээр болдог бөгөөд мэдээллээ солилцон, туршлагаа хуваалцаж, өөрсдийгөө чадвахжуулах байдлаар хэрэгждэг. Энэ удаагийн уулзалт бол клубийн ээлжит үйл ажиллагаа юм.

Энэ удаагийн цугларалтаараа бид 2019 оны ажлаа дүгнэж, үр дүнгээ нэгтгэн ярьж байна. Аймаг бүр, байгууллага бүр клубээс гаргасан зөвлөмжийн дагуу гаргасан амжилтаа бусадтайгаа хуваалцаж байна.

Мэдээж аймаг бүр, байгууллага бүр өөр өөрийн онцлогтой, сайхан ажлууд хийсэн байна. Тэр ажлуудыг бусад нь дараа жил хэрэгжүүлэх санаа авч, сургамжаас нь суралцаж, амжилттай болсон зүйлийг нь аймагтаа хэрэгжүүлэх боломж гардаг.

Энэ удаагийн уулзалтаар мөн 2020 онд “Жендерийн клуб”-ээрээ хамтдаа юу хийх вэ, орон нутагтаа ямар үр дүн, үр нөлөөг бий болгох талаар ярилцана. Манай клуб сайн дураараа, ардчилсан зарчим дээр тулгуурлан байгуулагдсан учраас жил бүр клубийн төвийн болон орон нутгийн зохицуулагчаа шинэчлэн сонгодог. 2019 оны орон нутгийн зохицуулагчаар миний бие ажилласан бол одоо энэ уулзалтаар 2020 оны зохицуулагчаа сонгоно.

Мөн клубийнхээ Алсын харааг мөн MERIT төсөл 3 жилийн дараа дуусахад клуб маань хэрхэн тогтвортой ажиллах вэ? гэдгээ ярилцаж байна. Өөрөөр хэлбэл ирэх 3 жилийнхээ ирээдүйг тодорхойлсноор цаашид клуб тогтвортой ажиллахад чиглэсэн ажлуудаа бид алхам алхмаар хийж эхэлнэ гэсэн үг.

Жендерийн ойлголт өөрчлөгдөж байна. Хүн бүр нийгмийн амьдралд тэгш оролцож, баялгаас нь тэгш хүртэх эрхтэй. Өнөөдрийн байдлаар энэ асуудлыг ярих цаг нь болсон гэж бодож байна. Магадгүй манай клубийн хийж байгаа үйл ажиллагааны үр дүн өнөөдөр шууд иргэдэд хүрч, үр нөлөө нь харагдахгүй байж болно. Гэхдээ бодлого шийдвэрээр дамжин удахгүй нийгэмд үр өгөөжөө өгөх нь тодорхой юм.  

Холбоотой мэдээ