УИХ-ын “Стратегийн төлөвлөгөөг батлах тухай” тогтоолын төслийг дэмжив

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-12-12 21:50:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын 2019-2024 оны “Стратегийн төлөвлөгөөг батлах тухай” тогтоолын төслийг хэлэлэх эсэхийг хэлэлцлээ.


Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын 11 гишүүн санаачлан боловсруулж, энэ сарын 2-нд өргөн мэдүүлсэн. УИХ-ын стратеги зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлээгүйгээс зорилтуудын хүрэх түвшин, үр дүн тодорхойгүй, үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтүүд оновчтой бус, хэрэгжүүлэх цаг хугацаа ойлгомжгүй, төлөвлөгөөг хэрэгжүүлэх санхүүгийн нөөцийг тооцоогүй, биелэлтийг тухай бүр тооцож, үнэлж байгаагүйгээс хэрэгжилт удааширсан зэрэг эрсдэл үүссэн байна. Тиймд Стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ.


УИХ-ын шинэчилсэн Стратеги төлөвлөгөөнд УИХ-ын Алсын хараа, Эрхэм зорилго, Үнэт зүйлсийг тодорхойлсон байна. Уг стратеги төлөвлөгөө нь зургаан зорилго, 11 зорилт, 68 ажлаас бүрджээ.  


УИХ-ын Стратеги төлөвлөгөөний төсөлд, УИХ-ын Алсын харааг, "Үндсэн хууль, ардчилсан ёс, хүний эрх, нийтлэг үнэт зүйлс, үндэснийхээ эрх ашгийг дээдэлж, тогтвортой хөгжлийг дэмжин, ард түмний засаглах эрхийг хангасан парламентыг төлөвшүүлнэ" гэжээ. Харин УИХ-ын Эрхэм зорилгыг, “УИХ нь хууль тогтоох, хянан шалгах үндсэн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлдэг, ард түмний төлөөллийг хангаж, итгэлийг хүлээсэн хариуцлагатай парламент байна” хэмээн томьёолжээ. Түүнчлэн УИХ-ын үнэт зүйлсийг, нээлттэй, ил тод байх, тэгш байдлыг хангах, хариуцлагатай байх, ёс зүйтэй байх, үр нөлөөтэй байх, чадавхтай байх, иргэдийн оролцоог хангах, хамтын шийдвэрээ хүндэтгэх хэмээн тодорхойлжээ.


Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.4 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.


Ташрамд дурдахад, УИХ-ын стратеги төлөвлөгөөг анх 2002 онд баталсан бөгөөд таван зорилтын хүрээнд 54 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тэдгээрээс нэг нь бүрэн хэрэгжиж, 51 нь хэрэгжилтийн шатанд байна. Үүнээс 11 ажлын хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай байгаа аж.


Холбоотой мэдээ