Манлай малчдын зөвлөгөөнд 200 гаруй малчин оролцлоо

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-12-13 13:46:12

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт  УИХ-ын гишүүн, "Хөвсгөл хөгжил сан”-гийн тэргүүн Л.Мөнхбаатар 2015 онд “Манлай малчин” төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн юм. Төслийн хүрээнд Алаг-Эрдэнэ, Баянзүрх, Чандмань-Өндөр, Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Цагааннуур, Ханх, Мөрөн сумын Манлай малчдын зөвлөгөөнийг хийв.  

Төсөл нь уламжлалт мал аж ахуйгаа үр хойчдоо өвлүүлэх, ард түмнийхээ хүнсний аюулгүй байдлыг хангаж, баталгаат эрүүл мах, сүү сүүн бүтээгдэхүүнээр хангах, мал сүргээ өсгөн үржүүлэх их үйлсийг бүтээж яваа малчин ардынхаа хүч хөдөлмөрийг алдаршуулах зорилготой гэнэ. Зөвлөгөөнд оролцсон манлай малчид санал бодлоо солилцож сайн туршлагаа хуваалцжээ.

Монголчууд эртнээс нааш малгайг “Мандах төрийн малгай” хэмээн эрхэмлэн дээдэлж ирсэн учраас бөх, хурдан морь уяач, сур харваачид өөрсдийн гэсэн тусгай малгайтай байдгийн адил манлай малчид ч гэсэн өөрсдийн гэсэн онцлогтой малгайтай болсон байна. Энэ үеэр улсын болон аймаг, сумдын манлай малчдыг “Манлай малчин” цол тэмдгээр батламжлан Манлай малчны малгайг гардуулан өгч байлаа. Тус зөвлөгөөнд 200 гаруй малчин оролцсон бөгөөд ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн багш ШУ-ны доктор /Sc.D/, профессор П.Болормаа, ХААИС-ийн Арго экологийн сургуулийн захирал, Доктор /Рh.D/, дэд профессор А.Буянбаатар, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн газрын мэргэжилтэн, Доктор /Рh.D/ Ц.Мөнхнасан, Хөвсгөл аймгийн ХАА-н газрын дарга Г.Баттулга, Монгол Улсын манлай уяач Г.Батчулуун нар илтгэл тавьж хэлэлцүүллээ. 

Холбоотой мэдээ